Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товлогдсон байсан ч арваннэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.
Шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нь Д.Жаргалсайхан нь коронавирусын халдвар авсан тул шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь мөн коронавирусын халдвараар өвчилсөн улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болон шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.