Р.Эмүжин: Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг үглэнэ...
-Цэл залуухан Тэмүжин, Боорчи хоёрыг хөдөлгөөнтэй, амидчилсан, орон зайд уусч, агаар хөлөглөсөн байдлаар зохиомжилж хийсэн нь үнэхээр урлаг болж чаджээ. Уран баримал гэдэг өөрөө их өвөрмөц урлаг. Төмөр, шавар, хүрэл гээд хатуу биет материалаар хамгийн уян хатан ертөнцийг бүтээх учиртай. Баримал ярьдаг байх ёстой. Зүрх нь цохилдог байх учиртай. Хүрлээр хүүрнэн өгүүлж чадсан энэ ур, ухаан, чадвар яах аргагүй А.Очирболдынх юм байна аа.
-Тэмүжин Боорчи хоёр Хөхүүрийн талд найман шарга адууны мөр дээр таарч андлалцдаг. Гэвч энэхүү Тэнгэрийн андлал хэмээх бүтээл Хөхүүрийн талаас хойш 10 гаруй км-т, дахиад Батноров сумын төвөөс хойд зүгт 20-оод км-т орших Дэл хар хэмээх уулын өвөрт босч буй ажээ. Түүх яагаад 30 гаруй км-ээр гажуудав? Оюун-Эрдэнийн эмээгийн талынхны нутаглаж явсан буурь бууцыг бараадуулан Тэмүжин, Боорчи хоёрын андлалыг өгүүлэх ямар шаардлага байв? Өнгөрсөн цагийн агуу түүхийг өөрийнхөө ихэрхлээр арчих гэв үү? Эсвэл нутаг орныхон нь энэ бууцнаас Ерөнхий сайд төрсөн юм аа гэж харуулах гээд долигонож далдаганасан нь энэ үү? Түүхийг ингэж монгол хүн өөрөө мугуйдлан мушгиж болохгүй ээ. Түүх бол түүх, өнөөгийн түүхий цаг үе бол түүгээрээ л үлдэнэ.
- Дахиад л нөгөө шунал. Тэнгэрийн андлал цогцолборт наадмын үеэр ашигласан буган дүрс бүхий төмөр багануудаа аваачаад суулгачихсан нь бас л олон нийтийн хараанд өртчихлөө. Хэро Баатар наадмын бичлэгийн төсвөөр хийлгэсэн зүйлээ Тэнгэрийн андлал цогцолборынхонд шахчихлаа гэсэн хардлага ургаад гараад ирлээ. Яагаад ийм хардлага амь бөхтэй, ахин дахин гарч ирээд байна вэ? Нэгт, баримт нь байна, яах аргагүй буган хөшөөт багананууд мөн байна. Хоёрт, энэ ах дүүсийн төрөөс хөлждөг төрхгүй чанар ямар ч тохиолдолд хардлага дагуулдаг болжээ. Цаашдаа юу ч хийсэн ард нь төрийн мөнгө уйлж, төрлийн халаас цавчаагаар цатгалдана гэдгийг энэ ард түмэн мэддэг болсон байна. Нэрээ хичээгээгүй амьдралд нэмнээ хэрэггүй л юм байгаа юм.
-Оюун-Эрдэнэ шартай юм, хортой юм. Хэзээ, хэрхэн барьсан босгосон нь ч ойлгомжгүй нэг ийм хөшөө барималтай болчихлоо. Андлалын хөшөөнөөс эхлээд л 2.0 тэрбумын асуудал дэгдсэн. Гэнэт л буулгаад нураасан, гэнэт л Тэнгэрийн андлалтай болчихлоо. Яагаад ийм хулгайн замаар, хулгайч шиг нууцхан ажиллаад байгаа юм бэ. Одоо бид эмээ өвөөгийнхөө буурин дээр хөшөө босгочихлоо гээд инээх ёстой юу, баярлаж дэвхцэх үү? Хаанаас, ямар мөнгөөр, хэзээ, хэрхэн...гэсэн асуултууд эзэнгүй үлдэж байна. Оюун-Эрдэнэ илүү ухаантай байсан бол өвөө эмээгийнхээ гал бадарч байсан буурь бууцыг онгон дагшин, нууцхан авч үлдэх учиртай байсан юм. Олон хөлхөж, олгойгоос гарсан болгоноо хог болгон хаяж, сайн мууг хэлэлцэж, саар явдлыг нь шүүдэг олон нийтийн хөлд хаяж өгөхгүй л байлаа. Дээр нь энэ хөшөөнийхөө санхүүжилтын тайланг АТГ-т хүргүүлэх хэрэгтэй. АТГ-ч шалгах ёстой. Эзэнгүй мөнгө гэж байхгүй, эвдэрч дүрсээ өөрчилсөн мөнгө харин бий. Шавар гипс, төмөр карказ бүхий Андлалын хөшөө 2.0 тэрбум байсан, Тэнгэрийн андлал хэмээх хүрэл хөшөө 6.0 тэрбумаас буухгүй шүү, барималчид хэлээд өгнө дөө. Зүгээр энэ багтаж ядсан шар хороо хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга, хөшөө биш хөгжил дээр гаргаасай даа, ганган тусна даа. За ямартай ч тендэр зарласангүй, тэгсэн хэрнээ хэдэн тэрбумын хөшөө гэнэт гараад ирлээ. Ямар том хулгай хийдгээ яруу тодоор харууллаа гэх үү? Очирболдын бүтээлийг бол үнэлнэ, Оюун-Эрдэнийн хулгайг бол үглэнэ...харамсалтай нь улс төрийн хулгай луйврыг урлагийн сайхнаар халхалж дийлэхгүй л дээ. Юу үнэн, энэ үнэн.
Р.Эмүжин