Б.БАТЦЭЦЭГ: БНХАУ манай улсад хамгийн зөөлөн хандаж байгаа
Засгийн газрын зарим сайд өнөөдөр сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийж, ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай улсын харилцаа БНХАУ-тай улс төрийн асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Халдварын нөхцөл байдлаас хамаарч Хятадын барьж байгаа бодлого ганц манай улсад хамаарагдахгүй. Хил залгаа, хуурай замын боомттой бүх улсад адилхан үйлчилж байгаа. Хятадын боомтын зөвлөлөөс боомтууд дээр маш өндөр хяналтыг тавьж гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх хатуу журмыг барьж ажиллаж байна. Үндсэндээ Хятадад дотооддоо халдвар гаргахгүй байх хатуу бодлогыг барьж байна. Ирэх оны хоёрдугаар сард Бээжинд өвлийн олимп болно. Олимп болох хүртэл гадны айлчлал хүлээж авахгүй байгаа. Дэлхийн аль ч орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Хятадад айлчлахгүй байгаа гэсэн үг. Үүнийг бид зөвхөн өөрийн улсдаа хамаатуулж ойлгож болохгүй. Мөн дэлхийн аль ч орноос гаднын оюутныг хүлээж авахгүй байгаа.