Р.Эмүжин: Ах дүүс гоё байна, алаг цирк анхнаасаа тэднийх юм байна гэх ёстой юу?
Улсын циркийг 14 жилийн өмнө Долгорсүрэнгийн Дагвадорж менежмэнтийн хувьчлалаар авсан нь үнэн. Зориулалтын дагуу ашиглахаа больж, одоо нурааж байгаа нь ч үнэн. Циркчид 80 жилийнхээ ойгоор далан бараадуулж барьсан даавуун асарт даарч жиндэн тоглолт хийсэн нь ч үнэн.
Ахмад үеийнхний гомдол алтан манежийг нь нураахад нулимс болж хурсан нь ч үнэн. Залуу үеийнхэн циркийн тайзгүй болсноо зарлан, төв гудамжинд эсэргүүцлээ илэрхийлж, энэ мэтийн зураг авалт, тавилт, тоглолт зохион байгуулсан нь бас л үнэн. Улсын циркийн байр ууш идэшний баар, угаалгын газар, улсын дугаарын үйлдвэр болсон нь бүүр үнэн. Энэ бүх үнэнийг хэвлэлийнхэн олон жил үе үе бичиж ирсэн нь үнэн.
Хамгийн сүүлд унтаж байсан үнэнийг сэрээж Д.Мөнх-Эрдэнэ лайвдсан нь баталгаатай үнэн. Тэгсэн чинь үнэнийг дэлгэн харуулсан түүний үйлдлийг Долгорсүрэнгийн Сумъяабазар зохион байгуулалттай, захиалгатай дайралт хэмээн нэрлэчихдэг юм байна. За эндээс юу харагдаж байна? Нүдэн дээр, чихэн дээр, нүүрэн дээр үйлдэгдэж буй шударга бусыг, бодит байгаа байдлыг байгаагаар нь харуулсан Мөнх-Эрдэнэ байтугай мөндөл байсан ч, бүүр бор халзан хонь байсан, бурхан чөтгөрийн аль нь байсан ч дэмжинэ.
Асуудлын гол нь үнэнийг дэлгэсэн хэвлэлийнхэн циркийг зохион байгуулалттайгаар Дагвадоржид хувьчилж өгөөд, нураагаад, менежмэнтийн хувьчлалын шаардлага хангаагүй хэрнээ өмчилж хэвтээд, өмхийртлөө дараад, ууш идэшний газар болгож, уургын морь шиг ухалзчихаад, дараа нь Долгорсүрэнгийнхнийг буруутгаагүй юм аа. Зохион байгуулалттай дээрмийг илчилсэн нь зохион байгуулалттай, захиалгатай шүгэл үлээгч, шүүрэн бичигч болчихдог хорвоо гэхээр Сумъяабазар тонгоруулж хардаг юм уу, бид толгойгоороо хөл хийж амьдраад байгаа хэрэг үү?
Энэ олон хүн, энэ улс бүхлээрээ, энэ гудамжинд үзүүлбэр үзүүлж байгаа орох оронгүй залуу циркчид бүгдээрээ зохион байгуулалттайгаар Сумъяабазар, Дагвадорж хоёр руу худлаа дайраад, хуурамчаар гүтгээд байгаа юм уу? Огтхон ч хийгээгүй үйлдлийг нь хийсэн болгоод гөрдөөд байгаа юм уу? Хэрэв энэ бүхэнд захиалагч байгаа бол тэд өөрсдөө үйлдлээрээ, үгээрээ, шуналаараа, шударга бусаараа захиалсан захиалагчид нь шүү дээ. Овоо босгоогүй бол шаазгай суух уу? Хувьчилж аваад нураагаагүй бол хэвлэлийнхэн шуугилдаж, түмэн олон түрхрэлдэж, тэр муу Мөнх-Эрдэнэ балгас болсон байшингийн гаднаас мөндөл шиг орилоод байх уу? Үнэн, худлын талаарх энэ том зөрүү, элэг эвдэрмээр ангал чухам хэдийд бий болдог гээч?
Дээрэмчнийг дээрэмчин гэдгийг мэдсээр байж нийгмээрээ " Дээлтэй бурхан явж байна" гэж даган баясах үед үнэн худал хоёр үргэлж ингэж төөрдөг юм. За би хэлээд өгье. Ойлголтын энэ том ялгаа хаантан шалдан байгаагаа харахаа больсон үед бий болдог юм. Одоо бүгдээрээ алга ташицгаа, Сумъяатанд зориулж нүсэр удаан, нүгэлтэй их алга ташицгаа. Тэгээд " Та минь гоё байна, сайхан байна, Улсын цирк угаасаа танайх юм байна, бид андуурчээ" гэж хашгир. Сумъяатан яаж баярлахыг, яг тэгээд хөөрсөндөө дахин өмдөө тайлан шидэхийг харцгаая. Тэгээд энэ хүнийг бүр шалдалж аваад " Ах дүүс гоё байна, алаг цирк тэднийх юм байна, аваад нураасан нь зол боллоо" гэж алгаа хорстол ташиж байгаад араас нь орилолдон уйлж, хөлсийг нь авч магнайдаа хүргэх ёстой гэнэ шүү...ха ха ха...тийм ээ, тийм, тэд гоё байгаа, одоо бүүр гоё унгана.
Р.Эмүжин