Хүлэмжийн хийн ялгарал түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
ЖЕНЕВ. /NPR/. Өнгөрсөн онд “COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг саарсныг үл харгалзан агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн нь агаарын температурын өсөлтийг сааруулах зорилгод аюул нүүрлүүлж байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ мэдээлэв.
Даваа гарагт тус байгууллагын мэдээлснээр, 2020 онд коронавирусний цар тахлын улмаас хорт хийн ялгарал үл ялиг буурсан ч нүүрстөрөгчийн давхар исэл сүүлийн 10 жилийн дунджаас ихээр буюу 413 ppm-ээр өсжээ. Түүнчлэн метан хий болон азотын давхар ислийн ялгарал ч мөн өссөнийг Хүлэмжийн хийн ялгарлын тайланд дурджээ.
Энэхүү тайланг Шотландын Глазго хотноо уур амьсгалын асуудлаарх олон улсын бага хурал ирэх долоо хоногт эхлэх гэж буй үед танилцуулснаараа онцлогтой. Энэхүү үйл ажиллагаагаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд гарч буй ахиц дэвшлийн талаар дүгнэн хэлэлцдэг.
АНУ, БНХАУ, Европын Холбоо нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг байна. ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Тааласын ярьснаар, xүлэмжийн хийн агууламж энэ хэвээрээ өссөөр байвал энэ зууны эцэс гэхэд агаарын температур Парисын хэлэлцээрт тусгаснаас /1.5-2 хэм/ хавьгүй ихээр нэмэгдэх төлөвтэй байна.
“Хамгийн сүүлд дэлхийн агаар мандал дахь нүүртөрөгчийн давхар ислийн агууламж 3-5 сая жилийн тэртээ одоогийн түвшинд хүрч байсан бөгөөд тухайн үед агаарын дундаж температур одоогийнхоос 2-3 хэмээр халуун, далайн түвшин 10-20 метрээр өндөр байсан” гэж П.Таалас хэлжээ.
Энэхүү тайланг гаргахад хувь нэмрээ оруулсан Японы Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр, дэлхийн дулаарлыг үл хайхарвал ган гачиг, үерийн аюул гэх байгалийн гамшигт үзэгдлийн улам нэмэгдэх учир хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад урт хугацааны хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг