И.К.Азизов: Орос, Монгол өнгөрсөн 100 жилд итгэлцэлд суурилсан, найрсаг харилцаатай явж ирсэн
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байна.
1921 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Москва хотноо Ардын Засгийн газар ба ЗСБНОУ-ын Засгийн газар хооронд Найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхтэй.
Хоёр орны харилцааны нэгэн зууны хөгжлийн түүхийг ирээдүй хойч үе, хүүхэд, залууст сурталчлан таниулах, мөнхлөн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллага хамтран Уран зургийн галерейд “Зууны түүх-Зууны үйл явдал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргалаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.
Тэрбээр хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г хугацаагүйгээр байгуулсан нь улс төрийн өндөр итгэлцэл, өргөн хүрээний нийтлэг эрх ашгийг харуулсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэв.
Мөн дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцааны бахдам түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд, залууст уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулах зорилготойг хэлэв.
Үзэсгэлэнг их, дээд сургууль, номын сангууд өөрийн байранд гаргаж, илүү олон хүнд хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын дагуу гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байгаа нь үнэ цэнтэй, чухал ач холбогдолтой гэдгийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэллээ. Хоёр улс өнгөрсөн 100 жилд итгэлцэлд суурилсан, найрсаг харилцаатай явж ирснийг тэмдэглэв.
Үзэсгэлэнд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, арми, их бүтээн байгуулалт, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбар болон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцсон түүхэн хүмүүсийн 200 орчим гэрэл зургийг толилуулж байна.
Тухайлбал 1921 оны Ардын хувьсгалаас эхлээд төмрийн завод, Төв цахилгаан станц ашиглалтад орсон, 1939 оны Халх голын дайн, “Бүхнийг фронтод-Бүхнийг ялалтад” хөдөлгөөн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1949 онд Улаанбаатар-Наушкийн төмөр зам баригдсан, 1960-аад онд атар газар эзэмшсэн, Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэг, XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Найрамдлын Дархан хот байгуулагдсан зэрэг түүхэн үйл явдлыг товчоолон харуулжээ.
“Зууны түүх-Зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнг 2021 оны 10 дугаар сарын 27-ныг дуустал нийтэд толилуулах юм.