Японы гүнж энгийн ардын хүүтэй гэрлэж, хааны угсаанаас татгалзана
Японы гүнж 30 настай Мако коллежид сурч байхдаа танилцаж үерхсэн Кей Комуротой гэрлэж, хааны статусаасаа татгалзахаар болжээ.
Японы хуулийн дагуу эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн язгууртны гаралтай биш, энгийн ардын хүнтэй гэрлэснээр хааны угсаатны тодотголоо алддаг. Харин эрэгтэйчүүд нь тэгдэггүй. Тэрээр мөн хааны хуримын зан үйл болон хааны угсааны эмэгтэйчүүдийг гэр бүлээсээ тусдаа гарахад олгогддог мөнгөнөөс татгалзжээ. Ингэснээр тэр дээрх хоёр зүйлээс татгалзаж буй хааны гэр бүлийн анхны эмэгтэй гишүүн болж байгаа юм.
Хосууд гэрлэсний дараа түүний нөхөр Комурогийн хуульчаар ажилладаг АНУ руу тэд нүүх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэдний энэхүү алхам нь Их Британийн хааны гэр бүлийн гишүүд болох Меган Маркл, хунтайж Харри нартай харьцуулагдахад хүргэж, шинээр гэрлэх хос "Японы Харри ба Меган" хочтой болжээ.
Яг л Меган Маркл шиг гүнж Мако өөрийн хайртай залуу Комуротой харилцах харилцаагаа зарласнаас хойш олон нийтийн зүгээс маш их хяналтад орсон юм. Хамгийн сүүлд нөхрийг нь гэзэгтэй болсон хэмээн ч шүүмжилсэн. Зарим нь түүний үсний засалт нь гүнжтэй гэрлэх гэж байгаа хүнд тохиромжгүй гэж үзжээ.
Хосууд өнөөдөр буюу мягмар гарагийн орой хийх хэвлэлийн бага хурлаараа мэдэгдэл хийж, урьдчилж ирүүлсэн таван асуултад бичгээр хариулт өгөх юм байна. Учир нь гүнж асуултад амаар хариулахдаа багагүй сандардаг гэж Японы эзэн хааны агентлаг (IHA) мэдэгджээ. Мөн олон жилийн туршид хосуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их мэдээлэл цацагдсан нь гүнжийг сэтгэлзүйн дарамтад өртөхөд хүргэсэн гэж IHA өмнө нь мэдэгдсэн байна.
Тэдний харилцаа тус улсад багагүй маргаан дагуулаад байгаа юм. Тэрээр 2017 онд ноён Комуротой сүй тавьсан бөгөөд дараа жил нь хуримлахаар байсан ч Комурогийн ээж санхүүгийн асуудалтай байсан, тэрээр хуучин сүйт залуугаасаа зээл авч, буцааж төлөөгүй гэсэн мэдэгдлийн дараа гэрлэлтийг түр хойшлуулаад байв. Ордноос хуримыг хойшлуулсан нь үүнтэй холбоогүй гэсэн ч угсаа залгамжлах хунтайж Фумихито хосыг гэрлэхээс өмнө мөнгөний асуудлыг шийдэх нь чухал гэж мэдэгджээ.