24tsag.mn
Энэ жилийн цэрэг татлага нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний хооронд үргэлжилж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр СХД-ийн 83 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд явагдаж буй цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэрэг татлагын байранд өчигдөр 500 гаруй залуус үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 40 хувь нь өвчний улмаас чөлөөлөгдөж 60 хувь нь тэнцсэн байна.
Цэрэг татлагын үзлэг, шинжилгээгээр халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээнд буцааж байгаа. Харин цэргийн албанд татагдан очсон байлдагчаас халдвар илэрвэл тухайн ангийн эмнэлэгт тусгаарлан эмчилнэ. Биеийн байдал хүндэрвэл Цэргийн Нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлэх юм.
Харин цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан ч халдварын улмаас гэрийн нөхцөлд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн мэдээлэл цэрэг татлагын штабуудад бий. Эдгэрсний дараа цэргийн албанд татах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх талаар Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтраад арга хэмжээ авсан, үр дүн гарч эхэлж байна. Улмаар эрүүлжээд цэргийн албанд явж байгаа залуусын тоо 10-25 хувиар нэмэгджээ.