Хүрэл бухын дэргэд байрлуулсан гадил юу өгүүлэв?
Саяхан Нью-Йоркийн алдарт Уолл Стритийн хүрэл бухын дэргэд 10,000 гадил жимс тавьж, эсрэг талд нь гориллагийн баримал байрлуулсан үйл ажиллагаа болжээ. Үйл ажиллагааг зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ нь Америкт баян ядуугийн ялгаа тасралтгүй ихсэж байгааг болон хэрцгий капитализмыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх зорилготой гэнэ. Горилл нь Америкийн доод давхаргад амьдардаг хүмүүсийг төлөөлж буй бол 10,000 ширхэг банана нь Уолл Стрийт "галзуурсан” гэх утгийг илэрхийлж байгаа юм байна. Дашрамд хэлэхэд англи хэлэнд "гадил" гэдэг нь бас галзуу гэсэн утгатай.
Тэгвэл өнөөгийн Америкт баян ядуугийн ялгаа чухам хир зэрэг “галзуурсан” юм бэ? Тус улсын Холбооны нөөцийн сангаас гаргасан сүүлийн хоёр статистикийг авч үзье.
Нэгдүгээрт, Америкийн хамгийн баян хүмүүс нь нийт хүн амын 10 %-г эзэлдэг ба тэд АНУ-ын хувьцаа, хөрөнгийн 89%-ийг эзэмшдэг.
Хоёрдугаарт, ашиг орлогоороо тэргүүлдэг 1% буюу мөнөөх "супер баячуудын" хөрөнгө нь нийгмийн дундаж давхаргын орлогын нийлбэрээс давсан нь тус орны түүхэнд анхны тохиолдол болов. Мөн Харвардын их сургууль болон бусад байгууллагуудын саяхан явуулсан судалгаагаар АНУ-ын доод давхаргын өрхүүдийн 40% нь санхүүгийн хувьд ноцтой хүндрэлд орсон бол тавны нэг орчим нь ямар ч хуримтлалгүй болжээ. Ер нь цар тахал нь Америкийн Мэтьюгийн эффектийн томруулах шил болж, "баячууд нь улам баяжиж, ядуус нь улам ядуурчээ”. Яг үнэндээ баян ядуугийн ялгаа бол Америкийн нийгмийн “ужиг өвчин” болоод удаж буй.
Дэлхийн цорын ганц супер гүрэн яагаад доод давхаргын иргэдийнхээ дуу хоолойг үл тоомсорлож, баян ядуугийн ялгааг улам нэмэгдүүлээд байна вэ?
Нэг талаараа энэ бол капитализмын давхарга хоорондын гүнзгий зөрчлөөс шалтгаалсан явдал. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тайланд дурьдсанчлан, Америк шиг чинээлэг нийгэмд туйлын ядуурал нь эрх баригчдын улс төрийн сонголтын үр дүн аж. Хэрэв улс төрийн хүсэл эрмэлзэл, зориг байвал Америк хэт ядуурлыг арилгах бүрэн боломжтой. Гэвч тус орны дээд давхарга, тэр дундаа улс төрийнхөнд ийм хүсэл, зориг байхгүй. Америкийн улс төр бол үнэндээ мөнгөний улс төр учраас эдийн засаг, улс төрийн эрх мэдэл эзэмшдэг цөөн тооны хүмүүс аль эрт хөрөнгийн боол болсон. Баян ядуугийн ялгааны өмнө тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол өөрийн бяслагаа хамгаалах л явдал.
Одоогоос арван жилийн өмнө "Уолл Стрийтийг эзлэе" уриатай жагсагчид Америкийн нийгэм дэх шударга бус байдлыг буруушааж "99% ба 1%" уриа хашхирч байсан бол өнөөдөр 10,000 гадил жимс хүрэл бухын хажууд хэвтэн чимээгүйхэн гомдол нэхэж байна. Хэрэв Америкийн улс төрчид урьд өмнөх шигээ хайхрамжгүй байдлаар энэ асуудалд хандсаар байх аваас тус улс удахгүй жинхэнэ хямралтай нүүр тулна.
Г.Бямба