Шүүхээс Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийт хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, Нийслэлийн прокурорын газрын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж гэмт хэргийн ул мөр илэрсэн тул баривчилсан" гэсэн.
Тэгвэл "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт прокуророос ирсний дагуу шүүх хурал өнөөдөр 10:00 цагт боллоо.
Шүүх хурлаас Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.