Бид бүтээн байгуулалт, уул уурхай, боловсрол, эрүү мэнд болон бусад сэдвийг түлхүү ярьдаг ч хүний хамгийн чухал хэрэгцээг хангадаг усны тухай тэр бүр дурдаггүй. Гэтэл өнөөдөр Монгол Улс дэлхийн хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэгд тооцогдох болжээ. Улмаар Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд боломжит нөөцөөс давж, нийслэлчүүд усны хомсдолд орж болзошгүй гэсэн судалгаа гарсан байдаг. Усаа хайрлах, нөөц бүрдүүлэхэд бид “сүх далайтал” гэгчээр амар сууж болохгүй нь эндээс харагдана. Ийм учраас Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациас компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь энэ чиглэлд зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулах юм. Энэ үйлдвэр Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ус хамгийн их зарцуулдаг Дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр ирэх 30 жилд нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр усаар тогтвортой хангаад зогсохгүй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт усны гачаалаас урьдчилан сэргийлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ хэмээн тооцжээ. Дээрх үр дүнд хүртэл монголчууд “Дээрээс гэнэт алт унаад ирнэ” гэсэн байдлаар хүлээж суух бус хандлагаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Засгийн газар компакт гэрээг хэрэгжүүлэхийн өмнө биелүүлэх ёстой төсөл хөтөлбөр, нэг ёсондоо тодорхой болзлуудыг биелүүлэх учиртай. Тэгж байж хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдэх нь ойлгомжтой.
Улаанбаатар хот хаягдал усаа дахин ашигладаг болчихвол иргэдээ цэвэр усаар тогтвортой хангаад зогсохгүй үйлдвэрлэл, үйлчилгээний салбар усны гачаалаас сэргийлж, эдийн засаг өснө.
Энэ дотроос усны ариун чанарыг хангах, бохирдлыг бууруулахад нийгмийн хандлага чухал гэж судлаач, мэргэжилтнүүд үздэг. Нэг жишээ хэлэхэд, 1950-аад оноос Улаанбаатарчууд зүүн, баруун Сэлбэ, Туул голоо хэзээ ч дундрахгүй мэт санаж байв. Өнөөдөр Сэлбэ гол ширгэж, Туул гол хаврын хаварт эцэж, гундаж, хэд хэдэн газар тасалдаж, борооны усаар амь зогоодог болсон. Эргээр нь хайрга олборлох зөвшөөрөл авсан үйлдвэр, аж ахуйн газрууд багширч, арьс ширний үйлдвэрүүд бохироо цутгаж байна гэсэн хэл ам тасардаггүй. Яг баримт хөөгөөд үзвэл арьс ширний үйлдвэрүүдийн гаргадгаас архи, спиртийн үйлдвэрүүдийн Туул голд нийлүүлдэг бохир усны хэмжээ хэд дахин их байх жишээтэй. Сүүлийн үеийн судалгаагаар арьс ширний 2-3 жижиг үйлдвэр хамтран ус цэвэрлэх байгууламжтай болсон, одоогоор нийслэлийн хэмжээнд арав гаруй ийм байгууламж байгаа нь цаашид нэмэгдэхээр байна. Үүнийг дурдаж буйн учир нь ачааллаа дийлэхгүй болсон, хуучирч муудсан Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид очих хувийг бууруулахын тулд үндэсний ухамсар бас ч дээшилж буй эерэг үзүүлэлт болох юм. Цаашлаад айл өрх болгон, хүн бүр устай зөв харилцдаг болчихвол цэвэр усаа хамгаалах, нөөц бүрдүүлэхэд том нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Согинохайрхан дүүрэгт үйлдвэрийн шав тавьснаар гараанаас нэгэнт хөдөлсөн Засгийн газар, Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.
Үйлдвэрийн барилга угсралтын ажлыг Туркийн МАПА групп хийж гүйцэтгэхээр шалгарсан. Тус компани нь дэлхий даяар найман тэрбум гаруй ам.долларын дэд бүтцийн бүтээн байгуулалтын 200 гаруй төслийг амжилттай хийц гүйцэтгэсэн. Гэхдээ Монголын өвөлд хэрхэн дасан зохицож ажиллахыг таашгүй ч нийслэлийн усны асуудалд “Хонгилын үзүүр”-т гэрэл харагдаж буй юм биш, илүү бодитой ажил хэрэгжиж эхэлжээ.
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин