EQ-гээ хөгжүүлснээр бидний эзэмших дөрвөн чадвар
Хэн нэгэн шилдэг ажилтан болохын тулд мэдлэг, ухаалаг байдал, алсын хараатай байх нь чухал. Гэхдээ дэлхийн хамгийн амжилттай яваа удирдагчид сэтгэл хөдлөлөө удирдах чадвар буюу EQ өндөртэй байдаг гэдгийг та мэдэх үү. Компаниуд ажилтнаа хөгжүүлэх, тушаал дэвшүүлэх, шинээр ажилтан авахдаа сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь хардаг болсон цаг үед бид амьдарч байна. Учир нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүн гүйцэтгэл өндөртэй, бүтээлч байдаг аж. Дэлхийд хамгийн анх EQ буюу emotional intellingence гэсэн ойлголтыг таниулсан, “Сэтгэл хөдлөлийн оюун ухаан”, /Emotional Intelligence/ “Нийгмийн оюун ухаан” /Social Intelligence/ гэсэн бестселлер номын зохиогч, сэтгэл судлаач, Харвардын их сургуулийн доктор эрдэмтэн Даниел Гоулман сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг дөрвөн хэсэгт хуваан тайлбарлажээ.
1.Өөрийгөө таньж мэдэх чадвар
Өөрийгөө таньж мэднэ гэдэг нь өөрийн сэтгэл хөдлөлөө хянана гэсэн үг. Өөрт төрж байгаа мэдрэмжүүдийг юунаас болсон гэдгийг нь ухаарч, юу чамайг гуниглуулж, юу жаргалтай болгодог, сэтгэл зүй эмзэг үед юу хийхээ мэддэг байхыг өөрийгөө таних чадвар гэж үздэг. Мөн үнэт зүйт, зорилгынхоо талаар бодитой, тодорхой мэдээлэлтэй байж, шийдэмгий үйлдэл гаргахыг хэлж байгаа юм.
2.Өөрийгөө удирдах
Ямар үед юу хэлэхээ хянахыг өөрийгөө удирдах чадвар гэнэ. Аливаа асуудалд тайван ханддаг удирдагч байх нь ажилчдад асар их итгэл найдварыг өгдөг.Асуудал үүссэн, санаа зовнисон үед түүнийгээ шууд илэрхийлэхгүй, тайван байхыг эрмэлзэх нь өөрийгөө удирдах чадвар юм. Ийм чадвартай хүн өөрөө болон бусдад мэдрэмжээ хэрхэн зөвөөр илэрхийлэхээ мэдэж, зорилго, алсын хараандаа итгэлтэй байдаг. Чухамдаа сорилт, гарцаагүй байдалтай тулгарах үед уян хатан байж, шийдвэрлэх шинэ арга замыг олж чадна гэсэн үг. Хүмүүс, нөхцөл байдал, эргэн тойрны үйл явдал бүрээс сайныг олж харж чаддаг болсноор боломж, шинэлэг зүйлсийг үргэлж өөртөө татдаг.
3.Нийгмээ танин мэдэх
Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, “унших”-ыг нийгмээ таних мэдэх чадвар гэнэ.Манлайлагч олон төрлийн хүнтэй ажилладаг учир үр ашигтай харилцаа үүсгэх нь хамгаас чухал байдаг. Ингэхийн тулд бусдын хэлж буй үгэнд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, тэдний сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй.Ерөнхийдөө бусдын оронд өөрийгөө тавьж үзэж, тухайн үед юу мэдэрч байгааг нь олж нээнэ гэсэн үг. Энэ нь танай байгууллага ямар нэгэн шийдвэр гаргахад хэн ямар хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглах боломжийг олгодог.
4.Харилцааны менежмент
Бусдад урам зориг өгч, хүчирхэгжүүлдэг, дэмждэг, эв найрамдалтай хамтарч ажилладаг хүнийг харилцааг удирдах чадвартай хэмээн үздэг. Ажилчид нь санал зөрөлдөх үед аль аль талд ашигтай байдлаар асуудлыг шийдэж чаддаг, бусдын давуу талыг гаргаж ирдэг удирдагчийг харилцааны менежмент сайтай хэмээн дүгнэж болно. Хэрэв та байнга сөрөг зүйл боддог бол харилцааг удирдаж сурахад амаргүй байхын сацуу хугацаа их шаардана.
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин