Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Өнөөдрийн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үндэсний хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний хороо байгуулах хэд хэдэн шалтгаан би. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад таван удаа цөлжилтийн үнэлгээ хийсэн. 2020 онд улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн байна гэдэг тооцоо гаргасан. 1998 онд Цөлжилттэй тэмцэх Үндэсний хороог байгуулж байсан ч 2015 онд татан буулгасан байдаг. Цаашдаа цөлжилтийн нөлөөг багасгахад чиглэсэн арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт чиглэл өгч тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттай зохион байгуулахад энэ хороо чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ хороог ажиллах дүрэм журмыг баталлаа. Цаашид Үндэсний хороо сард нэг хуралдана.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Уулнаас мод авч ирж тарьж байгаа асуудал бий. Энэ талаар та тайлбар өгөхгүй юү?
-Байгаль орчны яам уулнаас мод шилжүүлэн суулгах бодлогыг баримтлахгүй. Өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац улсын хэмжээнд байна. Жилд 100 сая мод хэрэгтэй гэвэл одоогийн нөөц бололцоогоо 10 дахин нэмэх шаардлагатай. Тиймээс цаашид мод үржүүлгийн газраа дэмжих, төслийн зээл олгох, хууль эрх зүйн орчныг сайжруулна. Цаашдаа тарьц суулгац, үрээр тэрбум модоо тарина. Нэгэнт ургасан модыг тухайн газраас нь шилжүүлэн суулгах шаардлагагүй.
Хуш модны самрыг их хэмжээгээр авч байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад ургацын хэмжээ 2-3 дахин бага байгаа нь тогтоогдосон. Хушин ой бүхий аймгуудад самар түүж, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглахыг хориглосон. Дөрвөн аймгийн есөн суманд хязгаарласан. Ойн судалгаа хөгжлийн газраас гаргасан судалгааг үндэслэн ахуйн зориулалтаар ашиглах зөвшөөрөл хүсдэг иргэд бий. Бид хуш модны самрыг зохистой хэрэглэх талаар зөвшөөрөл олгодог.