“Цар тахлаар далимдуулж үндэсний аюулгүй байдлыг зөрчих гэж байна”
“Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.
- Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцсэн нь ямар шалтгаантай вэ?
-ҮАБЗ болон Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмсэн Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдалд ноцтой байдал үүсгэх аюултай заалтууд олноор орсон. Тиймээс эсэргүүцэхээс аргагүй юм. Ямар зүйл, заалтууд байна гэвэл, энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор...аргал хонь,янгир ямаа, идлэг шонхор агнах зөвшөөрлийг Засгийн газар хоёр дахин нэмэгдүүлнэ”, 18 дугаар зүйлийн 18.3-т казиногийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газар 10 жилийн хугацаагаар олгоно”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тааварт бооцоот тоглоом эрхлэх зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно” гэсэн байгаа юм. Covid-19 цар тахлаар бамбай хийж, эдийн засгийг сэргээх нэрийн дор ноцтой асуудлыг шургуулсан байна.
Хамгийн ноцтой нь уул уурхайн асуудлууд байгаа. Жишээ нь энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “Тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн бусэд ашигт малтмал,газрын тос олборлох зөвшөөрлийг Засгийн газар өргөн мэдүүлснээр шийдвэрлэнэ” гээд 5 дугаар зүйлийн 5.13-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох,сунгахад орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас санал,дүгнэлт авахгүй” гэж заажээ. Цаашилбал, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т “ Аймаг,сум, дүүргийн Засаг дарга нар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, сунгахад ...бичиг баримт,төлбөр хураамж шаардахгүй түргэн шуурхай олгохоор хуульчлаад зогсохгүй 13 дугаар зүйлийн 13.5-д эмийн найрлаганд ордог мансууруулах төрлийн ургамлыг экспортонд гаргах зорилгоор хамгаалалттай бүсэд тарьж ургуулах зөвшөөрлийг Засгийн газар олгоно. 26 дугаар зүйлийн 26.10-т “Монгол Улсад байрладаг гадаадын татвар төлөгчийг 2022 оноос эхний гурван жил 100 хувь, дараагийн гурван жил 50 хувь орлогын албан татвараас чөлөөлнө. 31 дүгээр зүйлийн 31.1-д энэ хуулийг зөрчсөн хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэхчлэн заажээ. Хэни, юуны төлөө гэдэг нь энэ хэдхэн заалтаас ойлгогдож байгаа биз дээ? Өөр ч олон ноцтой заалт байгаа, иргэд өөрсдөө уншвал илүү тодорхой мэдэж авах байх.
- “Үндсэн хуульд халдах гэж байна” гэснийгээ дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль нь Үндсэн хуулийн (6.1) газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд гэсэн эрхэнд халдаж, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгох гэж байна шүү дээ. Хуулийн төсөлд ашигт малталын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулиар тогтоосон шаардлагыг хангах эсэхийг нягтлан шалгалгүйгээр “яаралтай хэт хялбаршуулж журмаар олгох”, хяналт шалгалт хийхгүй байх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас санал авахгүй.Уул уурхайн сайдын томилсон таван хүнтэй комисс олгох журам батлагдаж байна. Энэ журам нь “Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг, газрын хэвлийн ард түмний мэдэлд” гэсэн заалтаас давчихсан байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхэнд шууд халдаж байна. Тиймээс бид ард түмэндээ анхааруулж хэвлэлийн хурал хийж мэдээлэл хүргэсэн.
Ер нь бол Ашигт малтмалын тухай хууль 1997 онд батлагдсанаас хойшхи 24 жил манай улс замбараагүй лиценз олгож, хариуцлагагүй уул уурхай газар авч, байгаль орчныг сүйтгэж, нүүдэлчин малчдын бэлчээрийн нутаг усыг булааж, амьдралын гол хэрэгслээс нь салгаж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж, цөөхөн ард түмэн уул уурхайгаас ашиг хүртэж чадаагүй ихэнх нь ядуурсан. Монгол Улс хөгжих байтугай 32 тэрбум ам.долларын өрөнд орсон.
Эрх мэдэлд ойр хэдхэн хүн тэдний ойр дотныхон хэмжээ хязгааргүй баяжсандаа өчүүхэн ч санаа зовж, дүгнэлт хийлгүй ирснээр барахгүй цар тахлыг далимдуулан үлдсэн байгалийн баялаг, газар нутгийг гадаад, дотоодын хөрөнгө мөнгөтэй этгээдүүдэд дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох “сонгон шалгаруулалтын журам” гэх хуулиас давсан журам батлах гэж байна.
Ашигт малтмалын газрын мэдээллээс харахад өнөөдөр ашигт малтмалын 595 тусгай зөвшөөрөлтэй гадаадын 300 компани нь Хятадынх, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 27 компанийн 17 нь Хятадынх, дөрөв нь Монголынх байна. Ихэнх тусгай зөвшөөрлүүд Хятад болон гадаад, дотоодын ченжүүдийн гарт орж ”цүнхний наймаагаар”дамжин гадаадын хөрөнгийн бирж дээр “барьцааны хөрөнгө болж” хөрөнгө оруулагчид гэгч нөхдүүд хувьцаа гаргаж хэчнээн тэрбум ам.доллараар эргэлдэх хөрөнгө босгож байхад Монголын төр хяналт тавьж чаддаггүй. Үндэстэн дамнасан том корпорациудад хяналт тавьж ашгаа авч чадахгүй, байгалиа сүйтгүүлж, цөөхөн нүүдэлчдээ золиосонд гаргаж байна шүү дээ.
-Уул уурхайн ихэнх ашиг улсын төсөвт ордоггүй гэж хэлж байна уу?
-Монгол Улсад олгогдсон 2763 тусгай зөвшөөрөл бүхий уурхай цөөдөөд, хөрөнгө оруулалт нь зогсоод, улс орон хөгжихгүй, ядуурлаас гарч чадахгүй байгаа гэдэг огт худал. Харин уул уурхайд хөл алдаж ашгаа авч чадахгүй байгаа явдал бол бий. Хэдэн баримт хэлье. Жишээ нь, АМГТГ-ын газрын өнгөрсөн наймдугаар сарын мэдээллээр нийт тусгай зөвшөөрөл 2763, үүнээс ашиглалтынх 1733, хайгуулынх 920 гэсэн. Гадаадын 24 орны 100 хувь хөрөнгөтэй компаниуд 395 , хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орны компани 141 тусгай зөвшөөрлийг тус, тус эзэмшиж байна. Тэд уул уурхай экспортын 90 хувийг гаргадаг боловч улсын төсөв болон ердөө ДНБ-ний 20-30 хувийг бүрдүүлж, жилдээ 1-3 их наяд төгрөгийн маш бага орлого оруулдаг. Ихэнх ашиг буюу 80-90 хувийн ашиг нь уул уурхайн гадаад, дотоодын эздийн халаасанд ордог. Энэ үнэнийг өнөө хүртэл хэн ч ярихгүй явсаар ирсэн.Тухайлбал 2020 онд уул уурхайн экспортоор гарсан (алт,зэс,цайр,жонш,гентболд,төмөр,нүүрс,газрын тос гэх мэт) бүтээгдэхүүний 19.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоос улс болон орон нутгийн төсөвт ердөө 2.5 их наяд төгрөг орсон байгаа юм. Экспортын орлогын ихэнх ашиг 17.0 их наяд төгрөг гадаад, дотоодын уурхайн компанийн эздийн халаасанд орж байна. Энэ мэдээллийг ГЕГ, ТЕГ, АМГТГ-ын статистик руу ороод харахад хэнд ч нээлттэй, бас ойлгомжтой байгаа. . Гэтэл УИХ-ын гишүүн бөгөөд уул уурхайн компани, эздийн жилийн ашиг нэг их наядаас хэд дахин их байдаг нь улсын төсөвт ордогоос ч илүү юм. Энэ ашиг төсвөөс гадуур мөнгө угаах замаар өндөр үнэтэй хаус,орон сууцны барилгууд руу орж, ядуу ард түмнээ тохуурхан түүнийгээ авахыг рекламдаж, авсан нэг нь ипотекийн зээлийн өрөнд орж хэдэн үеэрээ ядуурч байна.
ОҮИТБС-ын тайлангаас харахад жилдээ 150-200 орчим уурхайн компани жилдээ 200 саяас (ганц жипний үнэ) дээш татвар төлбөр төлж, үлдсэн 2500 тусгай зөвшөөрөлтэй уурхайн компани маш бага татвар төлбөр төлж, ихэнх нь ямарч татвар төлдөггүй. 30 жилээс дээш хугацаатай тусгай зөвшөөрөл аваад сураг алдарсан, төр хяналтаа алдсан байдаг. Аймаг, сум бүрд 20-300 гаруй тусгай зөвшөөрөлтэй компани байдаг ч ихэнх нь ямарч татвар төлбөр төлөлгүй 20 гаруй жил явж ирснийг орон нутгийхан мэдэж байгаа. Монгол Улсад ямар ч татвар төлбөр өгдөггүй хэдэн мянган уурхай байх нь хэнд хэрэгтэй вэ? Яагаад Монголын УИХ, Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэж, дүгнэлт хийж ,шийдвэр гаргадаггүй юм бэ? Нэгэнт олгогдсон 2700 гаруй тусгай зөвшөөрөлтэй уул уурхайгаас ашиг авч чадахгүй, хяналтаа алдсан байж , цар тахлыг далимдуулж дахин замбараагүй тусгай зөвшөөрөл нэмж олгох нь нүүдэлчин малчид мөхөх аюулд хүргэнэ.
- Монгол орны өнөөгийн байдлын талаар ямар судалгаа, мэдээлэл байна?
- Монгол орон дэлхийн дулаарал,уур амьсгалын хүчтэй нөлөөнд орж 80 хувь цөлжсөн, хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэг, жилд 1383 гаруй булаг, шанд, нуур цөөрөм ширгэж,ган зудын гамшигт өртөх, уурхайн тэсэлгээний нөлөөгөөр өмнийн говьд жилдээ 400 гаруй удаа, Дорнодын газрын тосны өрөмдлөгтэй газруудад газар хөдлөлт эрс нэмэгдэх болсон. Иймд одоо лицензээр олгосон 2738 орчим уурхай, газрын тосны 27 талбай, ураны найман уурхайг бүгдийг олборлох боломжгүйг, эко системийн даац хэтэрснийг сүүлийн үетийн судалгаанууд нотолж байна. Гэтэл Монголын төрөөс шинжлэх ухааны ямарч үндэслэлгүйгээр, газар нутгийнхаа 60 хувьд нь хүргэж лицензийг ямар ч шалгуургүй, сонгон шалгаруулалтын комисс гэгч таван этгээдийн үзэмжээр олгох буруу бодлого явуулж байгаа нь харамсалтай.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин