Бууны суманд оногдож нас барсан 10 настай хүү өмнө нь толгой тус газартаа заазуурдуулж байжээ
Өнгөрөгч аравдугаар сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Азарга багт 38 настай Д сум алдаж улмаар арван настай хүү Х амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаач Х нь 2018 оноос хойш нагац ах Б-ийн асран хамгаалалтад байжээ. Учир нь талийгаачийн ээж “Хүүгээ зоддог сүх, заазуур далайлган айлгалаа” гэдэг дуудлага сумын хамтарсан багт ирдэг байжээ. Тухайн үед хүү, ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд ээж нь сэтгэцийн хүнд өөрчлөлттэй байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Тиймээс Өндөр-Улаан сумын хамтарсан баг газар дээр нь ажиллаж нагац ах, эгч нартай нь уулзаж, сумын Засаг даргын захирамжаар талийгаачийг 2018 онд нагац ах Б-д асран хамгаалалтах эрхийг олгожээ. Түүнээс хойш талийгаач хүү дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай дуудлага ирээгүй ч аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас талийгаачийн биед хүчирхийлэлд өртөж байсан шинж тэмдэг байгаа эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг шүүх шинжилгээний байгууллагад гаргажээ.
Сумын Нийгмийн ажилтан О-гийн хэлж байгаагаар "Анх 2018 онд дуудлага мэдээлэл ирснээс хойш талийгаачийг эрсдлийн программд бүртгэн хүүд шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлсэн. 2018 онд талийгаачийн нүүрэн тус газарт ээж нь заазуурдаж сорив үлдээсэн байсан. Дуудлага мэдээлэл ирж хамтарсан баг эрсдлийн үнэлгээ хийж хүүг нагац ахынх нь хамгаалалтад шилжүүлснээс хойш хүүгийн ээж гурван сарын дараа нас барсан" гэлээ.
Хүү энэ жил тавдугаар ангид суралцах байсан ч ээжтэйгээ байх үедээ сургууль завсардсан учир 2019 оноос сургуульд сурч эхэлжээ. Улмаар асран хамгаалагч Б-гийнд амьдарч сургуульдаа явдаг байжээ. Харин хөл хорионы үеэр түүний эмээ Б нь хүүгээ дэргэдээ авахыг хүссэн учир хүү энэ хугацаанд эмээ дээрээ буюу сум алдсан Д-гийнд очсон байжээ.