БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд гуравдагч хөршийн гүйцэтгэсэн үүрэг
НҮБ-ын гишүүнээр элсэхээр өргедөл гаргасан бүх улсыг элдвээр ялгалгүй элсүүлэх, цаашид энэхүү зарчмыг баримталж байхыг АНУ-ын зүгээс 1946 онд санал болгосон байна. Гэвч тус байгууллагын хүрээнд ЗХУ хүчний харьцаа өөрт нь ашиггүй эргэхээс болгоомжлон улс бүрийг нэг бүрчлэн ярих шаардлагатай хэмээн татгалзжээ. Үүний улмаас АНУ-ын дэмжсэн долоон улс элсэж чадалүй, Зөвлөлтийн дэмжсэн таван улс, түүний дотор БНМАУ тус бүрдээ авах ёстой долоон саналыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүдээс авч чадаагүй байна. Энэхүү санал хураалтаар Гоминданы Засгийн газар БНМАУ-ыг дэмжсэн санал өгч, харин АНУ түдгэлзжээ. Хэрвээ энэхүү 1946 оны санал хураалтаар АНУ-ын дэвшүүлсэн зарчмыг ЗХУ-ын зүгээс дэмжин хэрэгжүүлсэн бол БНМАУ нь НҮБ-ын гишүүнээр тухайн үед элсчих боломжтой байв. Америкийн Засгийн газар энэ үед БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг татгалзахгүй, гэхдээ түрүүлж дэмжихгүй, олны саналыг харгалзан дагана гэсэн байр суурьтай байв. БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг 1955 онд 52 улс дэмжсэн боловч Тайванийн хоригийн улмаас элсэж чадаагүй билээ. Нөгөө талаар эсэргүүцэгч төдийгүй дэмжигч улс орнуудын зүгээс БНМАУ-ын тухай мэдээлэл хомс байгааг шүүмжилж байв.
Хориг тавихаас түдгэлзэхийг ерөнхийлөгч Айзенхаур Чан Кайшигээс хүссэн боловч тэрээр “Хан үндэстний хамгийн эмзэг сэдвээр” буулт хийж чадахгүй хэмээн эсэргүүцсэн байна. Хүсэлтийг нь татгалзсанд дургүйцсэн Айзенхаурын засаг захиргаа БНМАУ-тай албан ёсны бус харилцаанд орж байхыг иргэддээ зөвшөөрчээ.
1956 онд Улаанбаатарт ирсэн Америкийн сурвалжлагч Реймондыг БНМАУ-ын СнЗ-ийн дарга Цэдэнбал хүлээн авч уулзахдаа НҮБ-ын гишүүнээр элсэх өргөдлөө дахин өгнө, хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцана гээд ЗХУ-ын тусламжийг өндрөөр үнэлэхийн хамт “Хоёр улс нэг зорилгод нэгдэж нэг замаар явна гэдэг нэг нь нөгөөгөөсөө хамааралтай гэсэн үг биш”, БНМАУ бол дагуул биш, харин тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэж мэдэгдсэн байна. Гэвч 1956 онд Аюулгүйн Зөвлөлд БНМАУ-ыг ганцхан ЗХУ дэмжиж бусад нь түдгэлзжээ. Өмнөх жилийн чуулганаар Монголыг дэмжиж байсан зарим улс түдгэлзсэн нь Монголтой холбоотой гэхээсээ илүүтэй Унгарын бослогыг хүч хэрэглэн дарсан Зөвлөлтөд дургүйцсэнтэй холбоотой байв. Төрийн департаментаас татгалзах чиглэл өгсөөр байтал НҮБ-д суугаа Америкийн төлөөлөгч БНМАУ-ын өргөдлийг хүлээн авах талаар Аюулгүйн Зөвлөлийн дээрх хуралд санал хураахад түдгэлзсэн нь БНМАУ-ыг эсэргүүцэх АНУ-ын үндэслэлгүй байр сууринаас түүний төлөөлөгч нь хүртэл залхаж байсныг харуулж байв.
Кеннедигийн засаг захиргаа хэрэв БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх чиг бодлого нь Тайванийн эсэргүүцлийн улмаас бүтэхгүй бол БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг дэмжих чиг шугам баримтлахаар тогтсон байна.
Улмаар Америкийн тал БНМАУ-ын өргөдлийн талаар шинэ байр суурь баримтлах болсноо 1961 оны дөрөвдүгээр сард зарлаж, НҮБ-ын гишүүнээр элсэхийг нь дэмжих төдийгүй, дэмжих тогтоолыг хамтран зохиогчоор оролцох болно гээд БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэхийг Аюулгүйн зөвлөлд зөвлөмж болгохоор шийдвэрлэжээ. Америкийн бодлогод дургүйцсэн Тайвань БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд дахин хориг тавихаар 1961 онд шийдвэрлэсэн байна. Гэвч олон улсын нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад Тайванийн талд ашиггүйгээр өөрчлөгдсөн байв. БНМАУ-ыг хүлээн зөвшөөрсөн улс орнууд нэмэгдсэний улмаас НҮБ-ын гишүүнээр элсэх БНМАУ-ын өргөдлийг элдвээр хойшлуулах нь Америкийн нэр хүндэд ч халгаатай болж, Тайвань өөрөө НҮБ-ын гадна хоцрох өрнөдийн хувьд эмзэг асуудал болжээ. Иймд АНУ-ын хувьд БНХАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхгүйн тулд БНМАУ-ыг элсүүлэх, ингэснээр Тайванийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр үлдээхээр тогтож байжээ.
БНМАУ-ын “хүндийн жин” ийнхүү БНХАУ-тай “тэнцсэн” нь Бээжингийн дургүйцлийг далдуур төрүүлж, Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоохоор тухайн үед эхэлсэн яриа хэлцээнээс цэрвэж байв.
Ерөнхийлөгч Кеннеди Чан Кайшид БНМАУ-д хориг тавихгүй байхыг хүссэн гурван захидлыг дараалан 1961 онд илгээжээ. Тайваньд зөвхөн Америкийн тал нөлөөлж чадах байсан бөгөөд чухамхүү Америкийн хүчин чармайлтын дүнд Тайванийн хоригийг зайлуулж, улмаар БНМАУ нь НҮБ-ын гишүүнээр элсэх нөхцөл бүрэлджээ. Төрийн нарийн бичгийн дарга Раск Чан Кайши-г Монголын асуудпаар өнгөрсөн улиг болсонтойгоо зууралддаг хэмээн зэмлэн буруушааж, Монголд Тайвань хориг тавих нь БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөх манай чиг бодлогыг өөрчлөхгүй, нөлөөлөхгүй гэхдээ хугацаа орох байх гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч Чан Кайши хориг тавих байр сууринаасаа ухраагүй байна.
Түүгээр ч барахгүй ирээдүйд НҮБ-ын гишүүнээр БНХАУ-ыг элсүүлэхэд хүрвэл Аюулгүйн Зөвлөлд хүртэл АНУ хориг тавина гэсэн амлалтыг амаар, бичгээр өгөхийг шаардаж, чингэвэл БНМАУ-д хориг тавихгүй гэсэн байна. Аливаа улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд хориг хэрэглэхгүй гэсэн АНУ-ын баримталж ирсэн чиг бодлогод энэхүү хүсэлт нийцэхгүй байсан тул Тайванийн хүсэлтээс татгалзсан байна.
Тайваньтай дипломат шугамаар тохиролцож чадахгүйд хүрсэн тул АНУ тусгай албаны шугамаар Тайваньтай тохиролцохоор шийдвэрлэж, Тагнуулын төв Газрын төлөөлөгчийг Тайванийн тусгай албадыг удирдаж байсан Зян Зинготой уулзаж эцэг Чан Кайшид нөлөөлөхийг хүсчээ. Ингэснээр хоёр тал “АНУ Монголыг дэмжиж санал өгөхгүй, Кеннеди Чан Кайшид шаардлагатай бол коммунист Хятадыг НҮБ-д оруулахгүй хориг тавих нотолгоог нууцаар дипломат шугамаар өгнө, чингэвэл Тайвань Ар Монголд хориг тавихгүй" гэж тохиролцжээ.
Үүний хамт Дорно, Өрнийн хооронд Монгол, Мавританыг элдэв саадгүйгээр НҮБ-ын гишүүнээр элсүүлэхээр тохиролцсон байв. Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны даргын үүргийг тус зөвлөлийн гишүүн орны төлөөлөгч нар сар бүр дэс дараалан гүйцэтгэдэг журамтай бөгөөд хэдийгээр тэрээр дэгийн чанартай үүргийг гүйцэтгэх боловч зарим нөхцөлд улс төрийн чухал ачааг үүрдэг байна.
1961 оны аравдугаар сард Туркийн төлөөлөгч Элчин сайд Тургут Менеменчиоглу Аюулгүйн Зөвлөлийг даргалж байсан бөгөөд БНМАУ-ыг гишүүнээр элсүүлсэн хуралдааны дэгийг тогтоон хийлгэжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн есөн гишүүн (Франц, Британи, ЗХУ, Либери, Цейлон, Арабын Нэгдсэн Улс, Чили, Эквадор, Турк) БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх зөвлөмжийг дэмжсэн санал 1961 оны аравдугаар сарын 25-нд өгч БНМАУ НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болжээ. Санал хураахад Тайвань оролцоогүй бөгөөд БНМАУ-ыг гишүүнээр элсүүлэхэд хориг тавихгүй гэдэг Тайванийн байр суурийн хариуд АНУ нь дээрх санал хураалтаар ганцаараа түдгэлзсэн санал өгчээ.
Тургут Тайванийн төлөөлөгчийг хурлаас гаргах, эзгүй хооронд санал хураах ажлыг зохион байгуулсан байна. Тайванийн төлөөлөгч тун дурамжхан гарсан тул замд нь яриа өдөн саатуулахаар туслахаа илгээж байснаа Тургут дурссан байдаг. НҮБ-ын гишүүнээр БНМАУ элссэнээс үүдсэн сургамж нь гадаад бодлого нээлттэй ил тод байх, хөршүүдтэйгээ тэнцвэртэй харилцах гэхдээ хэт өөгшүүлэхгүй байх, гуравдагч хөршийн бодлогыг хөршүүдтэйгээ харилцах тийм түвшинд гаргах ингэснээр Дорно, Өрнөдтэй тэнцвэртэй харилцахад оршино.