Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ...
Өглөө гүүглээр Замын Үүд ба Эрээн хотыг дээрээс нь харж суухад дараах зүйлс бодогдоно.
Замын үүд бол замбараагүй гэр хороолол, харин Эрээн нь хот шиг хот болжээ. Адилхан л элсэн дээр байх боловч Эрээнд ногоо байгууламж, том гэгчийн цэцэрлэгт хүрээлэн, зам, талбай, зохион байгуулалт гээд бүх зүйл байна. Бодвол тэнд бас сайн сургууль, тухтай орон сууц, эмнэлэгийн үйлчилгээ бас бий биз.
Энэ зураг бол манай дарга нарын 30 жилийн унхиагүйдэлтийн баримт юм.
Ер нь захирал-дарга хүн харилцагч, ажилтан, ард түмнээ бодохгүй л бол түүний гараас юу ч гардаггүйг би 20 жилийн бизнесийн туршлагаас сайн мэднэ. Миний эргэн тойронд ч тийм хүмүүс байна.
Амин хувиа хичээсэн нөхөр математикийн олимпиадын аварга, англиар ус цас, харвардын магистр, тогос шиг царайтай байгаад ч гараас нь юм гардаггүй юм шүү.
"Амиа бодохгүйгээр тэгээд яаж амьдрах юм" гэж амин хувиа хичээсэн нөхдүүд гайхаж боддог юм шиг байгаа юм. Ядаж амьдралдаа нэг удаа хүний хэлж байгаа үгийг тогтож сонсоод, тунгаан бодооч.
Компанид ажиллана гэдэг чинь цалингийн төлөө ажиллах биш харин амьдралаа утга учиртай, бусад хүмүүст хэрэгтэй зүйл хийж өнгөрөөх тухай юм. Бид бүгд үхнэ. Үхэхдээ нүцгэн үхнэ. Богинохон амьдралаа бид БАХАРХАЛТАЙ өнгөрөөх учиртай юм.
Хүн бодож яваа юмаа заавал ямар нэг байдлаар хэлдэг. Эрүүлдээ ч, согтуудаа ч ядаж нэг удаа ард түмэн минь, хамт олон минь, ажилтнууд минь, харилцагч нар минь гээд үг алдахыг чинь цөхөрсөн нүдээр хараад л хүлээгээд л, суугаад байгаа шүү. Чи хэрэв үнэхээр тийм хөгийн амиасаа өөр юм боддоггүй жижигхээн гар юм бол чамаар би яаж улс, компани удирдуулж захирал дарга хийлгэх билээ?
Өлзийбаярын ГАНЗОРИГ