"Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор зөрчлийн хэрэг нээж, хариуцлага тооцохоор болжээ
2021 оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулагдсан тоглолтын талаар болон цаашид баримтлах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Эрүүл мэнд болон эдийн засгийн асуудлыг харилцан уялдаатай, зохистой хэмжээнд авч явахын тулд ажиллаж байна. Бид аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Гэхдээ халдварын нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг сахин ажиллаж байгаа юм.
Аж ахуйн нэгж байгууллагууддаа Хариуцлагын гэрээгээ мөрдөж ажиллахыг шаардан, тодорхой хяналт шалгалтыг хийж байна" гэлээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "ХУД-ийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Зайсан хилл цогцолборын тоглолтын танхимд 19:00 цагаас Камертон хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан. 2021 оны зургаадугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, цагдаагийн байгууллага болон нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийж байгаа. Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчвөл зөрчлийн хэрэг нээж байгаа.
Дээрх тохиолдолд хувь хүнийг 500 нэгжээр торгох эсвэл 30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5,000 нэгжээр торгодог. Уг хэрэгт шалгалтын ажиллагааг даруй хийж гүйцэтгэн, маргааш шүүхэд асуудлыг оруулж, зөрчлийн хууль тогтоомжийн дагуу холбогдох хариуцлагыг тооцно" гэв.