Ч.Ундрам: Сангийн сайд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд бүх боломжоо дайчилж, зорилгодоо хүрнэ гэж амласан
Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.
24tsag.mn
-УИХ-аар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн төслийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсын түүхэнд анх удаа 18.1 их наядын төсөв орж ирж байна. Ковид-ын үеэр Монголын эдийн засаг гэлтгүй дэлхийн дахинд хүнд хэцүү байна. ОУВС болон Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын хийсэн тооцооллоор дэлхийн эдийн засаг ирэх жил 4.8 орчим хувийн өсөлттэй байна гэж үзсэн. Харин Сангийн яамнаас оруулж ирсэн төсөлд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьтай байна гэж тодорхойлсон.
Энд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий эдийн үнийн өсөлт. Үүн дотроо манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, алт, төмрийн хүдэр, нүүрс зэрэг бүтээгдэхүүнүүд өсөлттэй байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.
Жишээлбэл, зэс 2021 оны эхний найман сарын байдлаар 9177 ам.долларын үнэтэй байгаа бол ирэх онд 8915 ам.долларын ханштай байна гэж төсөөлж байгаа. Харин нэг унц алтны үнэ 1803 ам.доллар байгаа бол ирэх жил 1821 орчим ам.доллар, нүүрс 140 орчим ам.долларт очих байх гэсэн төсөөлөлтэй байна.
Эндээс төсвийн орлого сайн бүрдэнэ гэж харагдаж байгаа. Үүний хажуугаар хөдөө аж ахуйн болон бусад бүтээгдэхүүн багтаж байна. Эдгээрээс нэгдсэн төсвийн орлогыг 16.4 их наяд байна гэж үзсэн.
Түүнчлэн эдийн засгийн өсөлттэй холбоотой зүйлүүд тухайлбал, томоохон төсөл, үйлдвэрүүдээ урагшлуулахаар тусгасан байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ дэмжиж байж араас нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгждөг. Тиймээс төсвөө үүн рүү чиглүүлсэн байгаа юм.
Дараагийн онцлох зүйл нь төрийн алба зардлуудаа аль болох хэмнэнэ. Гаднын томилолт, албаны унаатай холбоотой зардлаа хэмнэнэ гэж оруулж ирсэн.
13 яам, 32 агентлагт шаардлагад нийцэхгүй 346 автомашин байна гэсэн судалгаа гарсан байна. Эндээс 119 автомашиныг түүвэрлэн авч үзэхэд 2020 онд шаьахууны зардал 361.6 сая, сэлбэг, тос бусад зардалд 271.6 сая, дулаан зогсоолд 69.9 сая, жолоочийн цалин нэг тэрбум төгрөг буюу нийт 1.7 тэрбум төгрөгийг жилд зарцуулсан байна. Энэ судалгааг зөвхөн 119 автомашинд хийсэн. Тэгэхээр ирэх онд ийм хэмжээний мөнгийг хэмнэнэ гэсэн үг.
-Засгийн газраас “Халамжаас хөдөлмөр” рүү гэсэн уриа гаргаад байгаа шүү дээ. Энэ нь ирэх оны төсөвтэй хэр уялдсан байна вэ?
-Ирэх оны төсөвт халамжийг танаж оруулж ирсэн байна лээ. Залуус ажил хийх дургүй болсон байна. Сардаа нэг сая гаруй төгрөгийн халамж авч байгаа иргэн хүртэл байна. Тухайлбал, хүнсний талон, ажилгүйдлийн тэтгэмж, өрх толгойлсон ээжийн тэтгэмж зэрэг халамжууд нийлээд боложмийн мөнгө авдаг учраас ажил хийх шаардлагагүй болдог. Улмаар ажил хийх сонирхолгүй хэсэг бүлэг хүмүүс бий болоод байна.
Тиймээс олон нэр төрлийн халамжийг танаад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг нийгмийн эмзэг давхарга бүлэг рүү чиглүүлэх нь зөв гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсөвт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зардал нь өсөөд халамж руу чиглэсэн зардал нь буурсан үзүүлэлттэй байна лээ.
-2022 онд нүүрсний экспортыг өөдрөгөөр төсөөлсөн байна лээ. Гэвч хилийн нөхцөл байдалтай холбогдуулан төлөвлөсөн хэмжээнд нүүрсээ гаргаж чадахгүй байх вий гэдэг болгоомжлол бий?
-Манай улс төмөр замтай болсон. Гэхдээ манайх өргөн, БНХАУ нарийн царигтай. Энэ хооронд хуурай хилийн боомт байгуулах ёстой. Сангийн сайд нүүрсний экспортыг сайжруулах талаар бүх боломжоо ашиглана. Энэ зорилгодоо хүрнэ гэж бодож байна гэж амлалт өгсөн. Тиймээс төлөвлөсөн хэмжээндээ хүрч чадах байх гэж найдаж байна.
-Боловсролын салбарт томоохон шинэчлэл хийхээр ярьж байгаа. Та боловсролын багц хуулийн ажлын хэсэгт багтсан шүү дээ. Ямар шинэчлэл хийх вэ?
-Төсвийн зарлагын 13 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Энэ нь ДНБ-ий 4.4 хувьтай тэнцэж байгаа бөгөөд боловсролын салбараараа дээгүүр бичигддэг, хөгжингүй орнуудын түвшинд уг зарцуулалт хүрч байгаа гэж үзэж байна. Гэхдээ хүндээ очих ёстой.
Татвар төлөгчдийн мөнгөнөөс боловсролын зардал очиж байгаа ч зарим нэг алслагдсан аймаг, сумдын нэг сурагчид очиж байгаа зардал 1.7 сая төгрөг, харин Улаанбаатар хотод сурч байгаа хүүхдийн зардалд 1 сая төгрөг зарцуулж байна.
Зардлыг ингэж ялгавартай олгох нь шударга биш шүү дээ. Тиймээс бүх хүүхдэд очих зардлыг тэгш хуваарилахаар тооцоо судалгаа хийж байна.
Хоёрдугаарт, багш нарын цалин, урамшууллыг гүйцэтгэлд нь тулгуурлан нэмэх боломж бий болж байгаа. Ер нь төрийн алба хаагчийн цалингийн зардлыг харахаар 1 их наяд төгрөгөөр буурсан харагдаж байсан. Энэ мөнгө хаачив гэж үзэхээр боловсрол, соёлын салбарын алба хаагчдын цалинг гүйцэтгэлд нь тулгуурлан олгож байсан юм. Эндээс үзвэл хэн сайн ажиллана, төдий чинээгээр өндөр цалин авах боломжтой гэсэн үг.
-Та улсын сургуульд сурдаг орон нутгийн сурагчдын хувьсах зардлыг Улаанбаатарын сургуулийнхтай харьцууллаа. Гэвч хувийн сургуульд сурдаг сурагчдын хувьсах зардалд илүү өндөр төлбөр төлдөг гэж яриад байгаа. Үүнийг мөн адил тэнцүүлэх үү?
-Хувийн зарим сургуулиуд жилд 600 орчим мянган төгрөгийг нэг хүүхдийн хувьсах зардалд авч байгаа. Ер нь сүүлийн 30 жилд хувийн сургуулиудаас татвар авч үзээгүй. Ашгийн төлөө бус байх ёстой гэж үздэг ч ашгийн төлөө хэв шинжтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Уг нь улсын төсвөөс хувьсах зардлаа авч байгаа бол зарцуулалтыг олон нийтэд нээлттэй тайлагнах ёстой. Гэвч зардлаа тайлагнадаггүй нууц байдаг учраас Тиймээс хэрвээ танай сургууль ашгийн төлөө байх юм бол татвараа төл. Ашгийн төлөө бус юм бол бүх санхүү чинь ил тод байх ёстой гэдэг шаардлагыг тавина.
-Гишүүдэд тойргийн 4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Зарим тойргуудад хийх бүтээн байгуулалтаас хамаарч харилцан адилгүй хуваарилсан байна лээ. Жишээлбэл, таны сонгогдсон тойрогт хэчнээн төгрөг суусан байна вэ?
-Төмөр замын бүтээн байгуулалт эсвэл зарим замгүй газар зам тавих, газрын тосны үйлдвэр барих зэрэгтэй холбоотой урт хугацааны эдийн засгийн хөрөнгө оруулалт байгаа учраас ялгаатай харагдаж байгаа юм. Манай тойргийн хувьд дэд бүтэцтэй холбоотой хоёр том төсөв бий. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдолтой баруун сумд руу зам тавих ТЭЗҮ нь хийгдээд байгаа. Үүнээс гадна сургууль, эрүүл мэндийн төв, эмнэлэг рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Мөн Алтанбулаг сумыг “Сайн сум” хөтөлбөрт хамруулахаар дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Хойноос жуулчид ороод ирдэг. Алтанбулаг сум нь наанадаж гадаа бие засах газартай байж болохгүй шүү дээ. Түүнчлэн Алтанбулагийн чөлөөт бүсэд 16 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгагдсан.