Афганистанд сүүлийн хоёр баасан гариг дараалан халдлага гарч, олон хүний амь үрэгдлээ
Баасан гарагт Афганистаны өмнөд хязгаарын Кандахар мужийн шийтийн сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлснээс 47 хүн амь үрэгдэж, 70 хүн шархдсан тухай Талибаны засгийн газар мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Афганистаны умард хязгаарын Кундуз хотын шийтийн сүмд мөн амиа золиослогч бөмбөг дэлбэлэхэд 46 хүн амиа алдаж байв. Уг аллагыг тус улс дахь Исламын Улс бүлэглэлийн салбар байгууллага Хорасан үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол энэ удаагийн халдлагын эзэн хараахан тодроогүй байна.
Долоо хоног бүрийн Баасан гарагт Исламын шашны шийт урсгалын сүмүүдэд мөргөл зохион байгуулагдаж, олон зуун сүсэгтэн оролцдог.
Исламын Улс бүлэглэл нь суннит урсгалыг шүтдэг бөгөөд шийтүүдийг үхэх ёстой нүгэлтнүүд гэж үздэг байна. Афганистаны засгийн эрхийг барьж байгаа Талибан хөдөлгөөнийхөн ч бас суннит урсгалыг шүтдэг.
Талибан хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гарснаас хойш Исламын Улс бүлэглэл зэвсэгт халдлагаа эрчимжүүлээд байгаа.
Талибанчууд Афганистаныг олон улсын терроризмийн суурь бааз болгохгүй гэсэн амлалтыг АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудад өгсөн юм. Гэвч сүүлийн үед дараалан гарч буй халдлагууд тэднийг амлалтаа биелүүлж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Хэдийгээр хоёул адилхан Исламын шашны хуулийг дагадаг ч Исламын Улс нь Талибанаас илүү хатуу радикал үзэл номлолтойгоороо ялгардаг юм.
1990-ээд оны үед Афганистаныг захирч байхдаа Талибанчууд шийтүүдийг хавчин гадуурхдаг байсан бол энэ удаа тэдний шүтэх эрхийг хамгаалахаа олон улсын хамтын нийгэмлэгт амлаж байгаа.