10 настай хүүгийн толгойд буудаж, амийг нь хөнөөсөн хэргийн мөрөөр...
-ИРГЭН В:Хүү минь хониноосоо ирээд, буугаа гэртээ оруулахдаа санаандгүй сум алдаж, 10 настай хүүгийн толгойд нь буудчихсан гэсэн-
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азрага багийн малчин Д-ийнд байсан 10 настай эрэгтэй хүүхэд бууны суманд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, энэ хэргийн тухай дуудлага аравдугаар сарын 13-ны 22.55 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт ажиллаж, урьдчилсан байдлаар 10 настай эрэгтэй Х-г 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.
ТАЛИЙГААЧ ХҮҮГ АР ГЭРИЙНХЭН НЬ СУРГУУЛИАС УДАА ДАРАА ГАРГАХЫГ ОРОЛДОЖ БАЙСАН ГЭВ
Талийгаач хүү бүтэн өнчин байжээ. Хүүгийн ээж 2018 оны аравдугаар сард өвчний улмаас нас барж, хүү эмээтэйгээ амьдардаг байсан байна. Хүү тус сумын ерөнхий боловсролын тавдугаар ангид сурдаг байжээ. Хэрэг гардаг өдөр хичээлдээ яваагүй бөгөөд хөдөө гэртээ байсан аж.
Энэ талаар Өндөр-Улаан сумын сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад “Коронавирусийн улмаас манай сургууль тав хоног танхим, ес хоног цахимаар хичээллэж байгаа. Талийгаач хүү аравдугаар сарын 11-нээс танхимаар хичээллэх ёстой байсан. Анги удирдсан багш нь аравдугаар сарын 9-нд хүүгийн асран хамгаалагчтай уулзаж, “Даваа гарагаас хичээлд нь явуулаарай. Танхимаар хичээллэнэ” гэж хэлсэн юм билээ. Асран хамгаалагч нь “За, явуулна” гэж хэлсэн ч явуулаагүй. Багш нь дахиад ар гэрийнхэнтэй нь холбогдож, эгчтэй нь уулзсан юм билээ. Талийгаачийн эгч хэрэг гардаг өдрийн 15:30 цагт анги удирдсан багштай нь ирж уулзаж, даалгавар аваад явсан гэсэн. Талийгаач хүү манай сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн хяналтад байдаг байсан. Хүү 2018 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан учраас бид хамгаалалтад авч, сургалт зөвлөгөө өгч байсан. Эрсдэлтэй хүүхдийн судалгаанд жил бүр хамрагдаж, эрсдэлийн даатгалд хамрагдаж байсан. Хүүгийн асран хамгаалагчид талийгаачийг сургуульд нь явуулах дургүй, аль болох гэртээ байлгахыг илүүд үздэг байсан. Бид байнга араас нь хөөцөлдөж, хүүхдийг хичээлд нь явуулахыг шаарддаг байсан. Хүү хөгжлийн бэрхшээлтэй учраас удаан ойлголттой, ойлгох, хүлээж авах чадвар муу байсан юм. Ийм учраас хүүгийн асран хамгаалагчид сургуулиас гаргах хүсэлт удаа дараа гаргаж байсан” гэв.
ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ГЭРТ ГУРВАН ХҮҮХЭД, НЭГ ТОМ ХҮН БАЙЖЭЭ
Тус хэргийг үйлдсэн 38 настай Д-г цагдаагийн байгууллагаас саатуулж, цагдан хориод байна. Мөн талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулсан аж. Бид тус хэргийг үйлдсэн Д-ийн аав В-ээс тухайн үед юу болсон талаар тодрууллаа.
-Харамсалтай хэрэг гарчээ. Юу болсон талаар нь та мэдээлэл өгч болох уу?
-Тун харамсалтай хэрэг гарлаа. Хүү минь өчигдөр (уржигдар) хониндоо яваад, 19:00 цагийн үед гэртээ ирсэн юм билээ. Манай нутаг хээрийн амьтан, чоно элбэгтэй. Хониндоо явахдаа буугаа үүрч явсан гэсэн. Орой гэртээ ирээд сумнуудыг нь аваад, оруулсан юм билээ. Сум үлдсэн байсныг нь мэдээгүй гэртээ ороод, буугаа орныхоо толгойд тавих гэж байгаад сум алдчихсан гэсэн. Би сумын төвд амьдардаг юм. Хүү минь орой над руу залгаж, энэ тухай хэлээд, би эмнэлэг, цагдаад хэл дуулгасан.
-Талийгаачийн аль хэсэгт сум оносон гэнэ вэ?
Сум нүднийх нь доогуур орж, толгойгоор нь нэвт гарсан байна гэсэн. Эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан гэсэн. Санамсар болгоомжгүйгээс болж үнэхээр аймшигтай хэрэг боллоо. Нэг хүний алтан амь эрсдэж, хүү минь торны цаана суухаар болчихлоо. Яах учраа олохгүй сандарч, тэвдэж сууна, хөгшин настай бид.
-Гэрт нь хэдэн хүн байсан юм бэ?
-Хүүгийн минь эхнэр ээжийгээ асрахаар сумын төв явчихсан байсан юм билээ. Гэрт нэг, дөрөв, арван настай хүүхэд зурагт үзээд сууж байсан гэсэн. Талийгаач хүү гол хэсэгт нь сууж байсан гэсэн.
-Хүүг тань цагдан хорьсон байгаа юу?
-Тийм ээ, сумын цагдаагийн машинд суулгаад, аваад явсан. Сая (өчигдөр 15:00 цагийн байдлаар) сумын цагдаагийн хэсгийн гадаа цагдаагийн машинд гавтай сууж байна. Аймгийн төв рүү авч явах юм шиг байна.
-Хүүгийн асран хамгаалагчид хэргийн тухай хэлсэн үү?
-Талийгаач манай бэрийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Ээж нь нас барчихсан учраас эмээтэйгээ амьдардаг байсан. Өвөлдөө хүүгийнд цугтаа, зундаа эмээтэйгээ тусдаа амьдардаг байсан. Эмээгийнх нь бие тааруу байгаа учраас хэргийн талаар хэлж чадаагүй байна.
Т.БАТСҮМБЭР-УУЛ: ХҮНИЙ АМИЙГ САНАМСАР БОЛГООМЖГҮЙГЭЭР ХӨНӨӨСӨН ТОХИОЛДОЛД 1-5 ЖИЛИЙН ХОРИХ, ЭСХҮЛ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ ОНООНО
Хүний амь насыг санамсар болгоомжгүйгээр хөнөөсөн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээх талаар “Ашид мөнх консалтинг” хуулийн фирмийн захирал, хуульч Т.Батсүмбэр-Уулаас тодруулсан юм.
Хуульч Т.Батсүмбэр-Уул хэлэхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон тохиолдолд 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ялаар шийтгэх зохицуулалттай. Зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэх эсэхийг шүүгч мэднэ" гэлээ.