Өчигдөр АН-тай холбоотой сонирхолтой үйл явдал болов. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасаж, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хасаж буй тухайгаа зарласан .
Харин АН-аас хасагдсан гэх УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан.
Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан. Энэ шийдвэртэй холбоотой байлгүй л гэж бодож байгаа." гэсэн тайлбар хийсэн юм.
Тэгвэл энэ бүхний цаана юу болж байна вэ?
Д.Ганбатын хувьд "Женко" Х.Баттулгаас нүүр буруулаад удаж буй агаад тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатар, АН-ын дарга С.Эрдэнэ нартай илүү ойр хамтран ажиллах болсон гэнэ.
Иймээс ч Х.Баттулга нэгэнт зам салсан түүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулж, өөрийн итгэлт хүн УИХ-ын гишүүн Ц.Тувааныг оронд нь тавихаар зэхэж байсан тул ийнхүү Д.Ганбат өрсөн хөдөлжээ. Мэдээж АН-ыг Х.Баттулгын талынханд алдаж болохгүй гэж үздэг С.Эрдэнэ тэргүүтнүүд өөрийн талын АН-ын Үндсэн Дүрмийн Хороо гэгчээрээ шийдвэр гаргуулан, түүнийг дэмжсэн.
Хамгийн гол нь үүний цаана АН-ыг өөрийн мэдэлд авах гэж буй Х.Баттулга ба түүнийг, тойрон хүрээлэгчдийнх нь хамт АН-аас нэгмөсөн шахах зорилготой С.Эрдэнэ тэргүүтний тэмцэл өрнөж буй нь тодорхой юм.
Одоогийн байдлаар Х.Баттулга энэ тулаанд ялагдаж, УИХ дахь АН-ын бүлэгт гэхэд л Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар гэсэн цөөхөн хүнийг эс тооцвол дийлэнхи нь хэдийн нүүр буруулжээ.
Мөн АН-ын даргаар өөрийн хүнийг томилуулах түүний санаархал ч хууль, эрх зүйн хувьд боломж тун тааруу болоод байна.
Үүнийг ч анзаарсан Х.Баттулга хэдийн Б хувилбараа боловсруулж эхэлжээ. Энэ нь шинэ нам байгуулах.
Тодруулбал тэрээр Монголын Ардчилсан Холбоо буюу МоАХ-ы Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй, харин ч удахгүй гишүүдтэйгээ биечлэн уулзаж, холбооны ажлаа эрчимжүүлнэ гэдгээ зарласан гэх. АН-аас дутахгүй гишүүнчлэл, зохион байгуулалттай энэ бүтцийг тэрээр шинээр байгуулах намынхаа суурь болгоно гэж тооцоолж байгаа аж. Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монголын Ногоон Нам, Иргэний Зориг-Ногоон Нам зэрэг Улсын Дээд Шүүхэд дээгүүрт бичигддэг улс төрийн намын удирдлагуудтай албан бус уулзалт хийж, хамтран ажиллах тухай тандсан байна.
Юутай ч Х.Баттулга чадвал АН-ын удирдлагыг өөрийн багтаа авах, ядвал МоАХ-ы бүтцэнд суурилсан шинэ Ардчилсан Нам байгуулах зорилготой байгаа нь тодорхой болжээ.