Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийн асуудлаар цагдаад мэдүүлэг өгчээ
Монгол Улсын Их сургуультай адилхан нэртэй МҮИС олон мянган хүүхдийн боловсролд эрсдэл үүсгэсэн гэж Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үзэж буй.
Харин МҮИС-ийн удирдлага, багш, ажилчид сургуулийн нэр төрд халдсан хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буйгаа зарласан. Тус сургуулийн гаргасан гомдлын дагуу БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цагдаад дуудагдаж мэдүүлэг өгчээ.
Энэ тухай цахим хуудсандаа "МҮИС-аас намайг "Хулгайч гэж хэлсэн" гэх үндэслэлээр цагдаад өгчээ. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө.
Би "Монголын Үндэсний Их сургууль" гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.
Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэжээ.