"Эдийн засгийн шинэчлэл ковидын үетэй давхцаж буй нь хүндрэл учруулж байна"
Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа нар сэтгүүлчдэд төсөвтэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Сайдуудын онцлон хэлсэн үгнээс хүргэе.
С.Энхболд: Маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч байна
-2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр U-07 буюу коронавирусын халдвар авч хүнд, нэн хүнд ангилалд байгаа хүний эмчилгээг санхүүжүүлэх оношийн бүлгийг нэмсэн. Энэ санхүүжилтээр ковидоор хүндэрч эрчимт эмчилгээний тасагт 45 хоног хэвтэн эмчлүүлээд гарах үед найман сая төгрөгийн зардал гарч байна гэж тухайн үед тооцсон. Энэ найман сая төгрөгийн тооцоонд тухайн эмнэлгийн ор хоног, цахилгаан, эмч, ажилчдын цалин зэрэг урсгал зардлууд орсон байдаг. Коронавирусын халдвар авсан иргэдийг хөнгөн, хүнд, маш хүнд зэрэг ангиллаас хамаарч эмчилгээний зардал 160 мянгаас 7.9 сая төгрөгт хэлбэлзэж байна. Уушги орлуулах ЭКМО аппаратад орох заалттай маш хүнд иргэнд 50-60 сая төгрөгийн эмчилгээний зардал гарч буй тохиолдол ч цөөнгүй бий.
Түүнчлэн 2021 оны эхний найман сарын байдлаар нийт эмчлүүлсэн 400 мянга орчим иргэдийн 0.3 хувь нь U-07 оношоор санхүүжилтээр эмчилгээ хийлгэсэн. Ковидын халдвар авсан нийт иргэдийн 10 хүрэхгүй хувийг хүнд болон маш хүнд хүн эзэлж байгаа. Энэ бол Сэхээний тасагт эмчлүүлж байгаа хүмүүс юм. Өнөөдрийн байдлаар /2021.10.12/ улсын хэмжээнд маш хүнд 500 орчим, хүнд 2500 орчим өвчтөн байна.
Б.Жавхлан: Ирэх хоёр сард улсын төсөв саарах эрсдэл бий
-Эдийн засаг талаас нь харвал бид ковидыг ялж байна. Өнгөрсөн сард татварын биелэлт 130 хувь, энэ оны эхнээс 107 хувь байна. Үүнд эрдэс баялгийн орлогоос илүүтэй татвар төлөлт нөлөөллөө. Гэхдээ ирэх хоёр сард улсын төсвийн орлого саарах эрсдэл бий. Ирэх онд төсвөөс хөрөнгө оруулах замаар хувийн хэвшлийг дэмжинэ. Ингэхдээ дэд бүтцийн төслүүдэд илүү анхаарна. Нийт 1000 орчим төсөл бий. Эдгээрийн дунд зураг төсөлгүй, газрын маргаантай төсөл байхгүй тул он дамжин төсөл удаашрахгүй. Бидний үйлдвэрлэж буй цахилгаан, дулаан эрэлтийг бүрэн хангаж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт анхаарах цаг болсон. Том үйлдвэр барья гэхээр цахилгаан, дулаан хүрэлцэхгүй болсон. Иймд ЗТХЯ, БХЯ, ЭХЯ-ны ирэх оны төсөвт хөрөнгө оруулалтын олон төсөл бий. Тэдгээрийг дуусгахад нийт 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг манай яаманд ирүүлсэн. Бүгдийг нь өгөх боломжгүй, 180 орчим тэрбумыг нь л шийднэ.
А.Ариунзаяа: Хүнсний талоноос 20 мянган иргэнийг хассан
-Манай яамны халамж үйлчилгээний ирэх оны төсөв тав орчим их наяд төгрөгөөр буурсан. Энэ нь хүүхдийн мөнгийг манайхаар дамжуулахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн МҮСТ-ийн төвийн сурагчдад сар бүр олгодог 200 мянган төгрөгийг ирэх оноос олгохгүй. Хүүхэд сурч төгсөөд гарааны бизнес эхлэхэд нь хуримтлуулах хэлбэрээр өгөхөөр болж байна. Ингэснээр нэг хүүхэд 4-5 орчим сая төгрөг гар дээрээ авах боломжтой болох юм. Энэ нь халамжаас хөдөлмөр рүү шилжиж байгаа нэг хэлбэр. Мөн хүнсний талон одоо авч байгаа 240 мянган иргэнээс 20 мянгийг нь хассан. Гэхдээ төсөвт 250 орчим мянга болгож тусгуулах санал өгсөн.
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин