Техас муж улсын захирагч албадан вакцинжуулахыг хоригложээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Бүгд Найрамдах намаас Техас муж улсын захирагчаар сонгогдсон Грэг Эбботт ажилтнууд, үйлчлүүлэгчдээсээ коронавирусний вакцинд хамрагдахыг шаардахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хориглосон тогтоол гаргажээ. Тэрбээр энэ тухайгаа даваа гарагт твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.
"Би албадан вакцинжуулахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хориглох тогтоол гаргаж байна" гэж тэрбээр бичээд энэ асуудлыг муж улсын хууль тогтоох хурлын тусгай хуралдаанд оруулсныг нэмж дурджээ.
“Ямар ч байгууллага шашин шүтлэг, эрүүл мэнд, хувийн шалтгаанаар вакцин хийлгэхээс татгалзсан ажилтан эсвэл үйлчлүүлэгч хэн ч байсан “COVID-19”-ийн вакцин хийлгэхийг албадах эрхгүй” гэж тогтоолд дурдсан байна.
Техасын эрх баригчид урьд нь мөн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхдээ оршин суугчдаас шинэ коронавирусний вакцин хийлгэсэн гэдгээ нотлох бичиг шаардахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад хоригложээ.
Техас бол эдийн засгийн хувьд өндөр хөгжсөн АНУ-ын муж улсуудын нэг юм. Тус муж улс газрын тосны олборлолтоороо улсдаа нэгдүгээрт жагсдаг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг