Курилийн арлуудын өмнөд хэсгийг Японы нутаг гэж мэдэгджээ
ТОКИО. /RIA Novosti/. Японы шинэ Ерөнхий сайд Кишида Фүмио парламентад болсон хэлэлцүүлгийн үеэр тус улсын тусгаар тогтнол Өмнөд Курилийн арлууд хүртэл үргэлжилнэ гэж мэдэгджээ.
"Хойд нутгийн асуудлыг (Курилийн арлуудын өмнөд хэсгийг Японд ингэж гэж нэрлэдэг) хойч үедээ үлдээхгүйгээр шийдэх шаардлагатай байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр Японы Засгийн газар “газар нутгийн харьяаллын асуудлыг шийдвэрлэж, ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахаар шийдсэн” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Японы Ерөнхий сайд 10 дугаар сарын 8-нд парламентад үг хэлэхдээ, газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахгүй гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Япон газар нутгаа гэж үздэг Курилийн бүлэг арлын өмнөд үзүүрийн бүх дөрвөн арлын харьяаллын асуудлыг шийдэхийг дэмжиж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэж байв.
Курилийн арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байгаа билээ. Чухамхүү энэ асуудал хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахад саад тотгор болсоор байгаа юм.
ОХУ, Японы удирдагчид 2018 оны 11 дүгээр сард Сингапурт уулзахдаа, 1956 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хэрэгжиж буй Зөвлөлт-Японы хамтарсан тунхаг бичигт тулгуурлан найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон. Уг тунхагт найрамдлын гэрээ байгуулсны дараа Курилийн өмнөд Хабомаи болон Шикотана арлыг Японы талд шилжүүлэн өгөх боломжийг судлахыг Москва зөвшөөрсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг