"Pandora Papers" Назарбаевын “нууц гэргий” гэгддэг эмэгтэйн оффшор дансыг илрүүлжээ
Аравдугаар сарын эхээр Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Холбоо дэлхийн олон орны өндөр албан тушаалтнуудын оффшор дансны талаарх баримтыг "Pandora Papers" нэрээр дэлгэсэн.
Уг мэдээлэлд Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевтай холбоотой нэгэн баримт ил болжээ.
Назарбаевын “нууц гэргий” гэгддэг Асел Курманбаева гэгч эмэгтэй оффшор дансаар дамжуулан $30 саяыг хүлээж авсан гэж "Pandоra Papers" мэдэгджээ. Ингэхдээ Асел Курманбаева зөвхөн цаасан дээр байдаг компанийнхаа хувьцааг зарсан гэсэн гүйлгээний утга бичиж, гарын үсгээ зурсан байна.
Насанд хүрсэн гурван охинтой Нурсултан Назарбаев 2012 онд бага насны эрэгтэй хүүхэдтэй цуг хоккейн тэмцээн үзэж байсан ба тухайн үед түүнийг Назарбаевын нууц хүү гэсэн цуу яриа ч гарч байсан юм.
Хамгийн сүүлд 2018 онд Курманбаева, Назарбаев нар нэг арга хэмжээнд оролцсон нь хэвлэлийн камерны дүрс бичлэгт үлдсэн байдаг.
Өдгөө 81 настай Нурсултан Назарбаев 1990 оноос 2019 он хүртэл Казахстан улсын ерөнхийлөгчийн албыг хашсан юм. Тэрбээр одоо Казахстаны Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний албыг хашиж байгаагаас гадна түүнийг “үндэстний эцэг” хэмээн өргөмжилдөг байна.