Хоёр улсын харилцаанд “хорлон сүйтгэгч” болоход хоёрхон захиа л хангалттай!
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал маргааш Эрхүү хотноо эхэлнэ. Хурлаар юу хэлэлцэх вэ? “РЖД” НХН-ийн нэгдүгээр орлогч дарга Сергей Павловоос Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дэд дарга Ж.Бат-Эрдэнэд 2021 оны 9 дүгээр сарын 29-нд ирүүлсэн албан бичигт уг хурлаар хэлэлцэх асуудлыг тусгажээ. Үүнийг үзээд цочлоо.
Юуны өмнө тус байгууллагын “2021 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөг батлах” гэсэн нь анхаарал татлаа. Юу вэ, андуураагүй бол 2021 он чинь яг 81 хоноод дуусна. Энэ хүртэл төлөвлөгөөгөө батлаагүй явж ирсэн хэрэг үү? Л.Халтар сайд яагаад үүнд санаа зовохгүй явж ирэв ээ? Дэд сайд нь хариуцсан ажилдаа эзэн байж чаддаггүй хэрэг үү? Дээр нь Ерөнхий хорооны л зөвшөөрлөөр гүйцэтгэгдэж байсан нэмэлт гүйлгээний жагсаалтыг батлах, тус байгууллагын орон тоог батлах, менежерүүдийн цалинг тэнцүүлэх, аудитын комиссын журмыг баталж бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрөө төлөвлөнө гэхчлэн дөнгөж шинээр байгуулагдаж байгаа мэт асуудлуудыг багтаасан нь төрийн мэдэлд үлдсэн Монгол, Оросын хамтарсан ганц аж ахуйн нэгжийнхээ ажилд огт санаа тавьдаггүй тээврийн яамны удирдлагуудад өгсөн Оросын талын “үнэлгээ” гэж ойлгогдож байна.
Мэдээж “уламжлал” ч гэх үү, “улиг” ч гэх үү болоод байгаа дунд хугацааны тарифын бодлого, IBEC-тэй байгуулсан гэрээний биелэлтийг хянах, УБТЗ-ын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг олон улсын стандарт /МСФО/-д нийцүүлэх гэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж ирүүлснийг харахад маш яаралтай туршлагатай, чадварлаг менежер томилох шаардлагатай байгааг дахин сануулсан сануулга гэдгийг сайд Л.Халтар ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгааг яалтай билээ.
Хамгийн чухал нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт “гэрийн даалгавар” өгсөн нь 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн дотор Замын даргад нэр дэвшигчийн санал болон Богдхан төмөр замын шинэ шугам барих ТЭЗҮ-ийг илгээхийг даалгасан юм.
Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар даалгавраа яаж биелүүлсэн гээч. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дэд дарга Ж.Бат-Эрдэнээс 2021 оны 10 дугаар сарын 6-нд буюу С.Павловын заасан хугацаанаас хоёр хоногийн дараа, өмнө нь нэр дэвшүүлсэн боловч хүлээж авах боломжгүйгээ удаа дараа тайлбарлаад байсан өнөөх гурван нэр дэвшигчээ дахин санал болгож илгээжээ.
Үүнийг “РЖД”-г өдөж байна гэж ойлгох уу, эсвэл С.Павловын Монголын Элчин сайд Д.Даваатай уулзалт хийхдээ хэлсэнчлэн “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэх үү?
Харилцаа талдаа энэ их муухай мессеж юмаа гэдгийг эрхэм Сайд бодож үзсэнгүй юу? Эсвэл ухаан нь дутав уу? Наад зах нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчлахад хүртэл энэ “гэрийн даалгавар” нөлөөлж мэднэ гэх мэдрэмж ч алга уу? Эсвэл зам, тээврийн салбарт Оросуудын хүсээд байгаа туршлагатай, чадварлаг удирдагч үнэхээр байхгүй юу?
Дэд сайдаас илгээдэг бичгийн балаг гэж бий...
Манайхаас илгээсэн сүүлийн бичигт “Эдгээр нэр дэвшигчийн хүрээнд Замын даргыг томилох асуудлыг шийдвэрлэх тухай Монголын талын албан ёсны байр суурин дээрээ баттай зогсоно” гэсэн өнгө аясаар, талууд ойлголцож энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байна” гэсэн байна. Яаж шийддэгтэй холбоотой нэг “онцгүй” дурсамжийг сануулах уу?
Өмнөх даргыг томилсон Ерөнхий хорооны хурал Москва хотноо 2016 оны 9 дүгээр сарын 27-нд болсон юм. Та бүхний мэдэж байгаачлан талийгаач Д.Жигжиднямааг тэр үед томилсон. Хэлэлцэх асуудлын 6-рт байсан Замын даргад нэр дэвшигч нь Дэлэгийн Загджав ганцаараа байв. Гэтэл түүнийг нэр дэвшүүлсэн талаар Монгол Улсын Засгийн газрын албан бичиг Оросын талд танилцуулагдаагүй болох нь илэрсэн. Өөрөөр хэлбэл УБТЗ-ын Ерөнхий хороо 2016 оны 9 дүгээр сарын 27-нд Замын даргаар Д.Жигжиднямааг томилж шийдвэрлээд протокол үйлдэгдсэн байхад 2016 оны 9 дүгээр сарын 28-нд Монголын Засгийн газраас түүнийг томилохыг санал болгосон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын гарын үсэгтэй 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №1/40 дугаартай бичиг очсон байдаг юм. Энэ тохиолдолд Д.Загджав яалаа гэж зүгээр суухав бүр ОХУ-ын Гадаад тагнуулын албаны удирдагч С.Е.Нарышкин, ОХУ-ын Мөрдлөгийн хорооны дарга А.И. Бастрыкин нарт хаяглан “Энэ асуудалд анхаарал хандуулж, хэний буруугаар, хэний ашиг сонирхолд нийцүүлж баримт бичгийг нуун дарагдуулж Оросын талд танилцуулагдаагүй хүнийг гэнэт танилцуулж Замын даргаар сонгочихсоныг тогтоож өгөөч” гээд 2016 оны 9 дүгээр сарын 29-нд бичиг илгээсэн байдаг юм. Шившигтэй байгаа биз? Д.Загджав “заргач” байж болно. Гэхдээ түүний “хардлага” зөв байсан юм шүү.
Яагаад гээч? Тэгвэл яагаад 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн ачилт тодорхойгүй шалтгаанаар гэнэт зогсч, тэр хооронд тухайн үеийн Ерөнхий хорооны хурлаар төмрийн хүдрийн тээврийн тарифыг 10 хувиар бууруулах шийдвэр гаргуулж шийдвэр гармагц 2017 оны 2 дугаар сарын 15-наас төмрийн хүдэр хэвийн ачигдаж эхэлсэн юм бол? Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 20 дугаар зүйлд “тээвэрлэгч нь аль нэг тээвэрлүүлэгчид тээвэрлэлтийн хөнгөлөлттэй нөхцөл олгохгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг шүү дээ. Ноцтой тохироо биш гэж үү? Үүнээс үүдэн тухайн үеийн аудитын шалгалтаар төмрийн хүдрийн тээврийн тарифтай холбогдуулан 7-8 тэрбум төгрөгийн акт тавигдсан гэх мэдээлэл байдгийг ч дахин шалгах эрх Монгол Улсын хуульд бий.
Тэгэхээр Дэд сайд нь Ерөнхий хороог төлөөлдгийн хувиар Замын даргыг санал болгох нь ийм асуудал дагуулж мэдэх юм.
Өөрөөр хэлбэл энэ удаад дээрх тактикаар Оросуудын хүлээж аваагүй гурван нэр дэвшигчийг дахин санал болгоод, гэнэт тэнд оччихоод байгаа Дэд сайд маань “Шинэ хүн”-ий нэр халаасалж очоод тохироо хийвэл яах вэ? Дахиад л Оросын тагнуулын байгууллагад захиа бичих үү?
Оросуудад яагаад тэр “гурав”-ыг хүлээж авч чадахгүй байна вэ?
Нэг их сүртэй тайлбар хайлтгүй л дээ. Энэ тухайгаа С.Павлов 2021 оны 8 дугаар сард ирүүлсэн захиандаа “шаардлагатай мэргэжлийн мэдлэг, холбогдох удирдлагын туршлага, Монгол Улсын төрийн байгуулдагууд болон олон улсын тавцанд үр дүнтэй харилцах нэр хүндтэй, хэвлэл мэдээллийн байгууллагууд, блог ертөнцөд илэрхийлэгдсэн нэр хүндийн хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай” гээд Дэд сайд Ж.Бат-Эрдэнэд хаяглан бичсэн шүү дээ. Гэтэл одоо яг өнөөх гурван хүнээ санал болгоод оччихсон байдаг. Ер нь тэр гурав нь яагаад Оросуудад таалагдахгүй байгаа юм бол?
Тэд товчхондоо Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын “сонголтууд”. Түүнийг давж Дэд сайд нь ОХУ руу нэр явуулах учиргүй баймаар. Юуны өмнө Даваасүрэнг нь тэгтлээ танигдаагүй, хэт залуу хүн гээд байгаа бололтой юм.
Ц.Хүрэлбаатарын фактууд блог ертөнцөд илэрхийлэгдсэн
Ц.Хүрэлбаатар нь “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан Замын орлогч дарга нь Нийгмийн асуудал, УБТЗ-ын харьяаны бүх орон сууцнууд, түүний барилгын ажил, барих болон засах бүх ажлуудыг хариуцдаг. Үүнээс гадна УБТЗ-ын харьяаны эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тэдгээрийн албан хаагчдыг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг.
Энэ албаа хашсан байдлаас харахад АТГ-аас анхаарч шалгаж тогтоох ёстой ноцтой алдаа цөөнгүй байна. Юуны өмнө түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Грийн пеллет” ХХК нь ашиг сонирлын зөрчилтэй байж болзошгүй цементийн үйлдвэрлэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг нь хардлага дагуулсан.
Бусад зөрчлийн тухайд:
1. Мааньт өртөөний 24 айлын орон сууцны барилгын 2 давхрын ажилд зарцуулагдах 128,220,200 төгрөгийн материалыг урьдчилсан гүйцэтгэл тооцож хаасан байдаг.
Дээрх 128,220,200 төгрөгийн материал газар дээрээ бүрэн байхгүй ба 107,883,571 төгрөгийн материалыг хүлээлцсэн акт үйлдсэн боловч 20,336,634 төгрөгийн материал огт байхгүй одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй байна.
Захиалагч талаас Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Баярмагнай, гүйцэтгэгч талаас Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Б.Батцэнгэл нар харилцан тохиролцон 2019 оны 03-р сарын 29-ний өдөр 08-2019 тоот “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулжээ.
Барилга ашиглалт, үйлчилгээний 3 дугаар ангийн дарга Б.Батцэнгэлийн “Барилга хариуцан бариулагч томилох тухай” тушаалаар Мааньт өртөөний 24 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хариуцан бариулагч инженер, засварын даамал нарыг тус тус томилон ажиллуулсан байдаг.
Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүрэлбаатарын өгсөн үүргийн дагуу Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах инженер Я.Тэрбиш ахалсан комисс барилга угсралтын ажлын явцыг шалгасан байна. Шалгалтаар үүссэн зөрчлүүдийг арилгахаар дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
• Зоорийн давхрын бетон шал хөлдөж, бутарч барилгын норм дүрмийн шаардлага хангахгүй байгааг дахин буулгаж БНбД52-01-10-ын шаардлагад нийцүүлэн шинээр цутгах.
• 1-р давхрын гадна ханын өнгөлгөөтэй өрлөгийн ажлын “Г” тэнхлэг дагуух өрлөг барилгын норм, дүрмийн шаардлага хангахгүй болсон тул буулган угсрах.
• Тагтны 6 ширхэг хавтан буулгаж угсрах.
• ДЯ маркын 11 ширхэг, Я маркын 33 ширхэг ялуу буулгаж угсрах.
• Хучилтын 29 ширхэг хавтанг хуулж угсрахаар үүрэг өгсөн байна.
Барилга, орон сууцны албаны даргын “Үүрэг даалгавар өгөх тухай” тушаалаар барилга угсралтын ажилтай холбоотой гарах зардлыг тухай бүр тооцож, УБТЗ-ыг хохиролгүйгээр ажлыг хэвийн хэмжээнд зохион байгуулан 1-р давхрын өрлөгийг бүрэн хийлгэн Барилга ашиглалт үйлчилгээний 3-р ангид хүлээлгэн өгөх ажлыг Барилга ашиглалт, үйлчилгээний 2-р ангийн дарга Т.Энхбаатарт даалгасан байна.
Барилга угсралтын ажлын хохирлын хэмжээг тооцоход барилгын буулгалтын ажил 32,857,160 төгрөг, буулгасан барилга угсралтын ажлын өртөг 129,218,537 төгрөг нийт хохирлын хэмжээ 162,075,697 төгрөгийн тооцоо байдаг.
Энэ бүхэн төсвийн бус төрийн өмчид хохирол учруулсан эрүүгийн ноцтой хэрэг мөн. Ийм хэрэгт мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг шаардахаа больсон хуулийн өөрчлөлт үйлчлэх болсон.
Мөн үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Бэлэндалайн барилгад их цемент дутсан. Татсан цементээ өөр барилгын компани руу шилжүүлсэн байдаг. Энэ талаар Замын дарга агсан Д.Жигжиднямаа машид дургүйцэж арга хэмжээ авах шуурхай хуралдаан зохион байгуулж байсан нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн билээ.
Түүнчлэн Энэтхэгийн Засгийн газрын зээлийн хөрөнгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефьтийн үйлдвэрийнтөмөр замын өртөөний барилгын ажлын төсөвт өртгийг санаанд оромгүй хэт өндөр дүнгээр нэмэгдүүлсэн ноцтой асуудал одоо болтол хууль, хяналтын байгууллагаар шалгагдахгүй байна.
УБТЗ-д хохирол учруулсан эдгээр хэргийг “РЖД” мэдээгүй байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Харин энэ мэт баримтууд шил шилээ даран гарах яг эгзэгтэй мөчтэй уралдан Ц.Хүрэлбаатартай хариуцлага тооцохын оронд түүнийг Замын дарга болгоё гэсэн албан захидал илгээсэн нь “РЖД”-г “малласан” хэрэг үү, эсвэл сориод байна уу?
Н.Сэрээнэндоржийг яриад ч яах вэ?
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнээс “УБТЗ” ХНН-ийн даргаар Н.Сэрээнэндоржийг томилуулах хүсэлт 2021 оны хоёрдугаар сарынь18-нд Оросын талын хувь нийлүүлэгч, “РЖД” НХН-ийн Ерөнхий захирал О.Белозеровт илгээгдсэн байдаг. Харин О.Белозеровын гарын үсэгтэй хариу бичиг 2021 оны 3 дугаар сарын 2-нд ирсэн бөгөөд үүнд Н.Сэрээнэндоржийн нэрийг дурдаагүй, нэг ёсондоо өөрсдөө шийдэх зөвшөөрлийг Монголын талд өгчээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг “УБТЗ” ХНН-ийн орлогчоор ажиллаж байхад Н.Сэрээнэндорж хэрэгт холбогдож, ял сонсож байсныг тэрбээр санаж л баймаар юм. Гэвч яагаад заавал түүнийг санал болгосон юм бол. Уг нь ёс зүй, улс орны нэр хүнд гээд бодох зүйл их л баймаар.
Төмөр замын Удирдах газарт 2021 оны 3 дугаар сарын 10-нд АТГ-аас нэгжлэг хийсний дараа Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэнг түр саатуулаад сулласан бөгөөд хэдийгээр албан үүргийн дагуу ерөнхий инженертэй хамт энэ бүх асуудалд холбогдсон ч “томчуудын тоглоомд” хомроглуулсан нь харамсалтай.
Түүнийг яагаад саатуулах болов? Ер нь “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий инженерийн албан тушаал нь Оросын талд яагаад тийм чухал байв? Үүний учир нь дөнгөж эхлэх бэлтгэл ажлаа базаж байсан 62 сая ам.долларын өртөгтэй дохиолол, холбооны шинэчлэлийн ажлыг ерөнхий инженер гардан гүйцэтгэхээр болсонтой холбоотой. Харамсалтай нь энэ ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй, шинээр байгуулсан систем нь ажиллах нь эргэлзээтэй, Улсын комисс хүлээж авах боломжгүй байдалд хүрсэн.
Гэтэл “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд нь “Элтеза”-гийн талд ажиллаж, төлбөрийн 95 хувийг шилжүүлээд өгчихсөн. “Элтеза”-гийн гүйцэтгэл ч байхгүй, хариуцлага ч тооцох аргагүй болж нэг ёсондоо Монголын тал, “УБТЗ” ХНН нь гэрээний гүйцэтгэлийг нэхэж Элтезад хуулийн хүрээнд шахалт үзүүлэх боломжгүй болжээ.
Тэдний гэрээний дагуу гүйцэтгэх ихэнх ажлуудыг хүлээж авсан Ерөнхий инженер Александр Мещеряков ковидын хөл хориог даалимдуулан Эрхүүгээс эргэж ирээгүйгээр барахгүй ажлаас халагдах өргөдлөө шуудангаар ирүүлсэн байгаа юм.
Монголын тал түүний асуудлаар шийдвэр гаргаагүй, Оросын тал түүнийг өмөөрдөггүй, харин ч бүр шинээр Ерөнхий инженер томилох асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 25-нд болсон Ерөнхий хорооны хурлаар хэлэлцсэн байдаг. Мөн “УБТЗ” ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч “РЖД” НХН-ийн захирал О.Белозеров 2021 оны 2 дугаар сарын 17-нд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт энэ асуудлаар хандсан байдаг. Хариуг эрхэм сайд яг долоо хоногийн дараа бичиж явуулсан байна.
Н.Сэрээнэндорж бол УБТЗ-ын Ерөнхий инженерийн суудлаас Замын дарга болж, улмаар 2015 оны 6 дугаар сард мөн л АТГ-аас саатуулан хорьж 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг жилийн ял оноосон ч түүнийг нь өршөөн хэлтрүүлж байсан шийдвэр сонссон түүхтэй. Монголыг хохироосон “Элтеза”-ийн будилааны сайн мэдэх хүн дарга нарт хэрэгтэй. 2012 онд Зам тээврийн сайдаар томилогдчихоод Т.Очирхүүг Замын даргаас халж Н.Сэрээнэндоржийг оронд нь томилуулахаар Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэж байхад тэр үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг дураараа туйлахыг нь “хазаарласан” тулдаа үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Гэхдээ Дорноговийн АН-ын дарга нь тэр үед А.Гансүх байсан, Н.Сэрээнэндорж Сайншандынх гэхээс өөр сүртэй холбоо сүлбээ байхгүй ч “РЖД”, “Bombardier”-ийн дундын компани “Элтеза”-аар л холбогдож болох юм. Ямартай ч Оросын талын хувь нийлүүлэгч, “РЖД” НХН-ийн дарга О.Белозеров Н.Сэрээнэндоржийн нэргүйгээр өөрсдөө шийдэх зөвшөөрлийг Монголын талд өгсөн нь нөхцөл байдлыг улам сонирхолтой болгож байна. Гэтэл энэ асуудал одоог хүртэл үргэлжилж Замын даргын нэр дэвшигчид Н.Сэрээнэндорж явсаар л байна. Ийм л “айхавтар” түүхтэй хоёр нэр дэвшигчийг Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам маань “байр суурин дээрээ баттай зогсож” дэвшүүлчихээд гүрийгээд байна. Харин Даваасүрэнгийн тухайд таг чиг байж байгаад гэнэт томилчих болов уу, дундуур нь хэн нэгэн гүйх болов уу? Ямартай ч С.Павлов даргын хэлснээр УБТЗ-ын даргыг өдий хүртэл томилоогүй, эсэргүүцсэн нэр дэвшигчдийг дахин зүтгүүлсээр байгаа нь нээрээ “хорлон сүйтгэгч” гэж хэлэхэд буруудахгүй ч юм шиг.
Зам, тээврийн хөгжлийн сайд хоёр улсын харилцааны “вирус” болчихлоо
Бараг бүтэн жил орчим даргагүй байгаа “УБТЗ” ХНН хэзээ даргатай болох вэ? “УБТЗ”-ын даргыг томилуулахгүй байх ямар зорилго, юуны учир ингэж “хорлох” шалтаг, шалтгаан Л.Халтарт байна вэ? Тийм ээ, төмөр замд Л.Халтар сайдын хувийн эрх ашиг, сонирхол гэж бий, сайдын дохио, зангаагаар хөдлөх тийм л хүнийг томилж утсан хүүхэлдэй болгох ганц л зорилго харагдаад байна.
Энэ бүхнээс харахад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төдийгүй Монголын төрд “вирус” болчихоод байна. Үүнийг ОХУ-д айлчлал хийхээр зэхэж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн замд тээглэсэн саадаас харж болно. “РЖД”-ийн нэгдүгээр орлогч С.Павлов Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваатай уулзах үеэрээ ч тэр балагаас дурдсан, бүр хатуу анхааруулсан гэхэд хилсдэхгүй. Оросын талаас тавьсан хүсэлт болгоныг тэр шийдэж чадсангүй. Бүр хүссэн ч үгүй. Дээр нь Монголын дотооддоо шийдвэрлэх Дарханы чиглэлийн автозам, “МИАТ” ТӨХК-ийн алдагдлыг бууруулах зэрэг олон асуудлыг шийдэж чадсангүй. Ер нь юуны учир түүнийг томилж, яах гээд Засгийн газарт байлгаад байгаа нь ч туйлын ойлгомжгүй болов. Түүний идэвхгүй буюу “эс үйлдэл”-ийн тусгал нь Монголын төр, гадаад харилцааны үйл ажиллагаанд саад болж эхэлж байгааг онцгой анхаарч хариуцлага тооцох шаардлагатай боллоо. Хэрэв Ерөнхийлөгч, Ерөнхий сайд эс хүсвэл Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий Улсын Их Хурал энэ талаар анхаарч хариуцлага тооцох нь улс орны нийтлэг эрх ашигт нийцэх биз ээ.
Д.Дандархүү