Ливан улс бүхэлдээ эрчим хүчгүй болжээ
Бямба гарагт Ойрх Дорнодын Ливан улсын эрчим хүчний систем бүхэлдээ зогсжээ. Цахилгаан станцууд түлшний нөөцгүй болсноос уг тасалдал үүссэн байна.
Ливан улс түлшний нөөцөө гадаадаас импортлодог бөгөөд эдийн засгийн гүн хямралын улмаас гадаад валютын нөөцгүй болсон тул түлш худалдаж авч чадахгүй болжээ.
Ливаны гол хоёр цахилгаан станцын нэг Дэйр Аммарын станц Баасан гарагт зогссон бол үлдсэн Захрани станц Бямба гарагийн үд дундаас эхлэн зогсжээ.
Өнгөрсөн онд нийслэл Бейрут хотын боомтын нэг агуулахад хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний барилга байгууламж, дэд бүтцийг сүйрүүлсэн нь тус улсын эдийн засгийг улам доройтуулсан юм. Уг дэлбэрэлтийн үеэр Ливаны эрчим хүчний яамны барилга нурсан нь одоо ч балгас хэвээр байгаа. Дэлбэрэлтийн шалтгааныг мөрдөн шалгах ажил үр дүнд хүрэлгүй гацжээ.
Эх сурвалж: Reuters