"Дэлхийн Мисс-2021" тэмцээнд үндэсний ялагч А.Бөртэ-Үжин оролцохоор болжээ. Энэ жилийн Дэлхийн Мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөнө.
Монгол Улсаас Ану овогтой Бөртэ-Үжин тус тэмцээнд оролцохоор тодорсон. Тэрээр Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.
Дэлхийн Мисс тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог бөгөөд оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. Дэлхийн миссийн финалийн тэмцээн нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үздэг.
Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн Мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтуудаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч дэлхийн тайзан дээр соёлоо сурталчилсан бөгөөд түүний Сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж 100 мянган юанийн хандив өргөсөн юм.