АНУ болон “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид хэлэлцээ хийнэ
АНУ-ын холбогдох албаны төлөөлөгчид амралтын өдрүүдэд Катарын нийслэл Доха хотноо очиж, Афганистаны засгийн эрхийг гартаа авсан “Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Төрийн департамент баасан гарагт мэдэгджээ.
"Энэхүү уулзалт нь АНУ-ын үндэсний ашиг сонирхлын асуудлаар “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийсэн прагматик хэлцлийн үргэлжлэл юм" гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдаад, "Энэ нь хүлээн зөвшөөрөх, хууль ёсны байдлыг олгох тухай биш юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн энэхүү уулзалтаар АНУ болон бусад улсын иргэдийг Афганистанаас аюулгүй гаргах, мөн эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчдийг хүртээмжтэй Засгийн газар байгуулах, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөллийг тус улсын хэрэгцээтэй газруудад чөлөөтэй нэвтрүүлэхийг уриална хэмээн тэрбээр нэмж дурджээ.
Албан ёсны эх сурвалжуудад үндэслэн Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Тагнуулын төв газар, Төрийн департаментын ажилтнууд, тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид багтаж байгаа ажээ.