Дэлхийн 100 гаруй орны удирдагч ирэх арваннэгдүгээр сард болох уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуралд бэлтгэж, улс орнуудын Засгийн газарт сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шахалт үзүүлж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дэлхийн олон оронд эрчим хүчний хямрал нүүрлэж байгааг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд онцолж эхэллээ.
Нүүрсний үнэ тэнгэрт хадаж, газрын тосны үнэ баррель нь 100 долларыг давсан хямрал дэлхийн олон оронд үргэлжилсээр байна. Өвлийн улирал дөхөж, халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд цахилгааны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэн хяналт тавьж байгаа ч үнийн хязгаарлалтыг цаашид барьж чадахгүй хэмээн түгшиж байгааг олон улсын хэвлэлүүд нийтэлсээр байгаа юм.
Эрчим хүчний хямрал одоогоор Европыг бас Азийн хэд хэдэн оронд нөлөөлж эхэллээ. Тухайлбал, БНХАУ оршин суугчдынхаа цахилгааныг хязгаарлаж, хүнд үйлдвэрүүдийнх үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй тулгарсныг CNN агентлаг өмнө нь мэдээлж байсан юм. Харин өнөөдөр Азийн гурав дахь том эдийн засагтай улс Энэтхэгт эрчим хүчний хямрал нүүрлээд байгааг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолсоор байна.
Энэтхэг улсад нүүрс ховордож өнөөдрийн байдлаар нүүрс түлдэг 135 цахилгаан станцын 63-т нь ердөө ганц өдрийн нөөц үлдээд байна. Энэтхэгийн Эрчим хүчний захиргааны төвийн мэдээлснээр 17 цахилгаан станц огт нөөцгүй болсон гэлээ. Нүүрсний хомсдолд орсон эдгээр цахилгаан станцууд тус улсын 70 орчим хувийг эрчим хүчээр хангадаг байна. Харин зарим эх сурвалжууд нүүрсний хомсдол нь цар тахал болон байгалийн гамшгуудаас үүдэн тээвэрлэлт удааширсантай холбоотой хэмээн мэдэгдэж байгаа ч мэргэжилтнүүдийн дийлэнх нь дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчтэй холбон тайлбарлаж байна.
Мөн байгалийн хийн үнэ зөвхөн Европыг хамарсангүй. Зүүн Азид байгалийн хийн үнэ есдүгээр сараас хойш 85 хувиар өсч, газрын тосны үнэ баррель нь ойролцоогоор 204 доллар болжээ. Байгалийн хий экспортлогч АНУ-д байгалийн хийн үнэ бусад орныг бодвол харьцангуй тогтвортой байгаа ч сүүлийн 13 жилийн хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрсэн хэвээр байна. Тэгвэл дэлхийн жишиг хэрэглээ болох “Brent” маркийн газрын тосны үнийг баррель нь 100 доллароос давж магадгүй гэж саяхан Bank of America таамаглаж байсан нь биеллээ олоход ойрхон байна.
Харин Европт байгалийн хий нэг баррель нь 230 долларт хүрсэн нь есдүгээр сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс найм дахин өндөр үнээр арилжаалагдаж байна гэсэн үг. 2020 оны эхээр Европт ихээр хүйтэрсэн нь байгалийн хийн нөөцийг нь шавхсан.
Мөн ОХУ-ын хийн экспорт буурч, салхин станцууд нь салхи нөөцөлж чадахгүй байгаа нь Европын эрчим хүчний хямралд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн хямралын нөхцөл байдал Европын орнуудын төв банкууд болон хөрөнгө оруулагчдын сэтгэл зовних гол асуудал болж байгаа юм. Энэ хямрал ирэх өвөл бүр дордох төлөв ажиглагдаж байна. Харин Серби тэргүүтэй зарим улсууд ОХУ-аас Европ руу шууд хий тээвэрлэх “Умардын урсгал-2” хийн хоолойн төслийг Германы эрх баригчид аль болох хурдан баталснаар энэ хүндрэлийн хөнгөвчлөх болно гэж үзэж байна.