Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ний ням гаригт 07:00-22.00 цагт болно.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.
Хуулийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажилладаг. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргасан байна.
Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох, мөн соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай тусгажээ. Иймд амралтын өдрүүдэд кино театрууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноо мэдэгдэв.
Ташрамд мэдээлэхэд энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.