Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр хангах “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай. “Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажиллажээ. Харин ерөнхий гүйцэтгэгчээр “Хүрд” ХК ажилласан байна. “Сэлбэ” дулааны станц ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллагууд төвлөрсөн дулаанаар хангагдаж буй.
"Дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн. Нүүрсийг шатаах үед ялгарах үнсийг 99 хувь барих уутан шүүлтүүртэй. Нүүрсний тээвэрлэлт, бусад технологийн ажиллагаа бүхэлдээ иргэдийн болоод орчны эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн технологитой цахилгаан станц юм" гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.
Сэлбэ дэд төвд өнөөдрийн байдлаар 3260 өрх айл амьдарч, 117 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ирээдүйд бий болох 7000 гаруй айл өрх, 300 гаруй аж ахуй нэгжийн дулааны ачааллыг “Сэлбэ” дулааны станцаас хангахаар тооцжээ. Мөн дэд төвийн доторх улсын болон хувийн аж ахуй нэгж, иргэд болон дэд төвд шинээр бий болох орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, нийгмийн барилга байгууламжуудыг дулааны эрчим хүчээр хангахаар тооцсон.
Цаашид станцын ашиглалтыг Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ хариуцах бөгөөд хэрэглэгчид тус байгууллагад холбогдож, журмын дагуу хүсэлтээ гарган, төвлөрсөн дулаанаар хангагдах боломжтой.