Б.Болд: Миний мөрөөдөл 45 жилийн дараа биелэж, мөсөн ордонтой боллоо
Монгол Улс анх удаа олон улсын стандартад нийцсэн Мөсөн ордон бүхий цогцолбортой болж нээлтээ хийлээ. Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотойгоор ахмад хоккейчин Д.Болдын сэтгэгдлийг сонссон юм.
-Хоккейн спортоор хичээллэхдээ бэлтгэлээ хаана, хэрхэн хийж ирэв?
- Би 1970 оноос эхлэн хоккейгоор хичээллэсэн. Хоккейн спортоор 1977 он хүртэл тасралтгүй хичээллээд бага зэрэг завсардсан ч спортоо орхиогүй. Буцаад л мөсөн дээрээ гарсан. Ер нь хоккейн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломж тааруу байж ирсэн. Гурав, дөрөвдүгээр хорооллын мөсөн талбайд нэг хэсэг нь бэлтгэлээ хийдэг байлаа. Аймгууд ч мөн адил боломж нөхцөл тун муу. Төрөөс харж үзэж дэмжсэн зүйл байгаагүй.
-Манай улс мөсөн ордон бүхий цогцолбортой боллоо. Ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Өвлийн олимпийн төрөл олширч байна. Тиймээс дэлхийн чансаанд нийцсэн, өндөр түвшний мөсөн ордонтой болсон учраас уран гулгалт, шок трейк гээд өвлийн спортын бүх төрөлд хүч үзэх бүрэн боломж нээгдлээ. Хүүхдүүд маань ч сонирхож хичээллээд амжилт гаргаасай гэж хүсч байна. Зөвхөн өвөл биш дөрвөн улирлын турш бэлтгэл сургуулилтаа шаргуу хийж болох таатай нөхцөл бүрдлээ. Энэ ч утгаараа өвлийн олимпийн аваргууд төрөхөд ойрхон байна гэж харж байгаа.
Миний хувьд хоккейгоор хичээллэж эхэлснээс хойш 45 жилийн дараа мөрөөдөл маань биелэж Монгол Улс мөсөн ордонтой боллоо.
-Өвлийн спорт хөгжих, тамирчид бэлтгэл хийх орчин бүрдлээ. Мөсөн ордонд цугларах тамирчин, дасгалжуулагч хэр олон байгаа билээ?
-Яг цугларах юм бол тэшүүр, хоккей тоглодог хүмүүс олуулаа. Тэр хэрээрээ ч өвлийн спорт хөгжиж, амжилтаа ахиулж байна. Даанч цугладаг талбай байсангүй. Одоо бол мөсөн ордондоо цугларна гэж бодож байна. Манай тамирчид шайбтай хоккейгоос гадна бөмбөгтэй хоккейг маш сайн тоглож байна. 2016-2018 онуудад Эрхүүд очиж бөмбөгтэй хоккейг олон тоглосон. Нидерланд, Украйны багуудыг ч манай тамирчид олон удаа хожсон.
Мөс бол цэвэр агаар учраас уушгииг байнга цэвэрлэж байдаг. Мөсөн дээр гулгахдаа амьсгаадаж уушгиа тэлдэг. Мөснөөс ууршдаг цэвэр агаар хүний эрүүл мэндэд гайхалтай тустай.
Мөс бол тэнцвэрийн спорт. Тэнцвэрээ олж чадвал уран гулгалт, хоккей гээд өвлийн спортын аль ч төрлөөр хичээллэх боломжтой. Уран гулгалт бол давхар хөгжмийн мэдрэмж суулгана шүү дээ.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин