ЦЕГ-ын дарга Ж.Болд: Д.Монголхүү, Э.Одбаяр нар удаа дараа ХУУЛЬ ЗӨРЧСӨН
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд Д.Монголхүү нарыг баривчилсан гэх асуудалтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Иргэн Д.Монголхүү цагдаагийн байгууллага баривчиллаа гэсэн мэдээлэлд тайлбар хийе. Хэдийгээр миний бие ЦЕГ-ын дарга ч гэлээ эрүүгийн хэргийн хянан зохицуулах ажиллагаанд шууд оролцогч биш. Тиймээс мөрдөн байцаах албаныхаа өгсөн мэдээллийг хүргэе.
Сүхбаатарын талбайд олон нийт цуглачихсан арга хэмжээтэй үед эд зүйл нэвтрүүлэхгүй ээ гэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар оруулж, оруулж болдоггүй эд зүйлсийн жагсаалт бий. Тухайлбал, тэсэрч дэлбэрэх бодис оруулж болдоггүй журамтай. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү гэгч цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан. Үүнийг шалгахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст уг этгээдийг авчирсан. Олон нийтийн сүлжээгээр юу болсныг ТА бүхэн харсан байх.
Хуулийн дагуу шаардлага тавьж буй хуулийн байгууллхгын ажилтны шаардлагыг илт эсэргүүцэх, өөрсдөө хөндлөнгөөс бичлэг хийж, олон нийтэд түгээж цагдаагийн албан хаагчийг буруутгах ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлээгүй хүндэтгэлтэй хандаж ирсэн.
Тухайн үед цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн иргэн Э.Одбаяр өөрөө лайв хийж байсан. Төрийн байгууллагын тасралтгүй явах үйл ажиллагаанд саад учруулсан, цагдаагийн албан хаагчдыг харааж доромжилсон.
Энэ байдлыг шалгаад 10 сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгалтын үйл ажиллагаа явагдсан. Д.Монголхүү гэгч нь цагдаагийн байгууллага удаа дараа дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй. Өмнө гурван зөрчлийн хэрэг дээр шалгагдаж байгаа хүн. Энэ байдлыг өөрт нь удаа дараа сануулсаар байхад ирдэггүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу баривчлах ажиллагаа явуулсан. Прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа шөнийн 02.00 цагт хийгдсэн. 02.30 цагийн үед Э.Одбаяр болон зарим хүн хорих 461 дүгээр анги буюу тусгай обьект руу халдаж, гэмт хэрэгт шалгаж байгаа этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Энэ хууль зөрчих үйл ажилллагаа хэрээс хэтэрч байна аа. Монгол Улс төртэй, хуультай орон. Тиймээс хуулийн байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуул байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.