Ц.Нямдорж: 1990-ээд оноос хойш улс төрд ажиллахдаа ийм хэмжээний хямрал үзээгүй
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар ажлын хэсэг байгуулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлан ажиллахаар болжээ.
Ц.Нямдорж:
- Нийслэлд түлшний асуудал үүссэн. Уг асуудлыг шийдэх хүрээнд Ажлын хэсгийг миний бие ахлах чиглэл гарсан. Ажлын хэсэг түлшний нийлүүлэлт, Тавантолгойн түлш компанийн нийгмийн даатгал зэрэг хэд хэдэн асуудлыг зохицуулж, хэвийн байдалд оруулна.
- Шатахуун, халдвар, түлшний асуудал улс төрийн хурцадмал үед үүсэж байна. Ковид19-ийн нөхцөл байдал зөвхөн Монголд бус дэлхийн дахинд хүнд байна. Үүн дээр Засгийн газар, ЭМЯ холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
- Том зургаар нь харахад Дэлхийн Их гүрнүүдийн хоорондын тэмцэл ил далд хэмжээгээр хүчтэй өрнөж, энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ тээврийн үнэ өсөх шалтгааныг бий болголоо. Тиймээс Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина. Баялгийн сангийн тухай асуудал яригдаж байна.
- Өнгөрсөн 4 дүгээр сард ОХУ шатахууны экспортоо бууруулах талаар яригдаж байсан. Хэвийн байдалтай явж байснаа 8 дугаар сард асуудал үүсэж, зохицуулалт хийгдсэн. Хариуцлагын асуудал яригдана. Сайдын түвшинд ярих хүн нь Ерөнхий сайд. Одоохондоо ийм зүйл яригдаагүй байна.
- Би 1990-ээд оноос хойш улс төрд ажиллаж байна. Ийм олон хүндрэл хавсарсан нөхцөл байдал ер нь гарч байгаагүй. Миний мэдэхээр энэ бол дөрөв дэх хямрал.
- Хүнд үед муу улс төр гудамжинд хийж байгаа явдал нь улам сэтгэлийн дарамтад оруулж байна. Үүнээс хэн ч, юу ч хожихгүй шүү дээ.