Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны орой иргэд автомашинтайгаа ШТС-уудын гадна дугаарлаж хонов.
Шатахуун импортлогчид тав хоногийн нөөцтэй боловч импортлогчид болон иргэд зохиомол хомсдол үүсгэсэн хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдэгдэв. Г.Ёндон сайд ийм зохиомол асуудлыг Тагнуулын ерөнхий газраар шалгуулна гэдгээ мэдэгдсэн.
Шатахуунд дугаарлаж байна гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцэн УУХҮЯамнаас шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна хэмээн мэдэгдэл гаргав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ Засгийн газар болон “Сод Монгол” группийн мэдэгдлийг зэрэгцүүлэн тавиад, “Нөөц хэвийн. ШТС-уудад дугаарлалгүй, эрт харьж амарцгаагаарай” гэж сошиал хуудаснаа бичжээ.
Харин шатахуун түгээх станцууд нөөц хэвийн байна хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Гэвч шатахуунд дугаарласан иргэдийн хөл тасрахгүй, урт дараалал үүсгэж, шөнөжин ачаалал үүсгэсэн юм. Иргэдийн зүгээс тодорхой мөнгөний квот тогтоон шатахуун өгч байгаа гэсэн мэдээлэл байхгүй бөгөөд ШТС-ууд ч гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Тэгэхээр зохиомол эрэлт үүсгэсэн үү гэсэн асуудал үүснэ.
Шатахууны хомсдол, нөөц багасч, иргэдээ очерлуулж байгаа нь импортлогчдын зовлон гэхээс илүү дотоодын улстөр, импортлогч компаниудын хоорондын зөрчлөөс үүссэн байж болзошгүй гэсэн хардлага улс төрийн хүрээнд өрнөж байна.