Зүрхний шигдээсийн талаар мэдэх ёстой таван шинж
Зүрхний өвчнийг эрт оношлох тусмаа сайн. Ямар шинж тэмдгийн үед эмчид хандах ёстой вэ. Энэ талаар www.goodhouse.ru цахимд бичснийг уншигчиддаа хүргэж байна. Зүрхний өвчин дэлхий даяар нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Зүрхний шигдээсийн эхлэлийг цаг тухайд нь мэдэж, эмчид хандах нь чухал юм. Артерийн судасны бөглөрлийн анхны шинж тэмдгийг мэдэж байх нь маш чухал. Ингэснээр та цаг тухайд нь арга хэмжээ авч, өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.
Халзралт
Үс эрт унах нь артерийн судас бөглөрөх, цусны бүлэгнэл үүсэхтэй холбоотой байдаг. 37 мянган эрэгтэйг хамруулсан судалгаанаас харахад халзралт ба зүрхний титэм судасны өвчин хоёрын хоорондох холбоо батлагдсан байна. Өөр нэг судалгаанд 4000 эмэгтэйг хамруулахад үр дүн нь ижил байв. Тиймээс үс их унаад байвал зүрхний эмчид үзүүлэхэд илүүдэхгүй байна.
Чихний нугалаа
Зүрхний титэм судасны өвчний өөр нэг шинж тэмдэг нь чихний дэлбэнгийн үрчлээ. Чихний сувгаас дэлбэн хүртэлх диагональ зураас. Зүрхний титэм судасны өвчний энэ шинж тэмдгийг сүүлийн хэдэн жилийн турш хийсэн олон судалгаанд дурдсан байдаг. Эмч нар үүнийг цусан хангамж муудаж байгаагаар тайлбарладаг. Артерийн судасны бөглөрлөөс болж цус муу шахагдан, бие илүү чухал эрхтэнүүдийг хүчилтөрөгчөөр хангах гэж “амин чухал биш” эрхтэнүүдэд хэмнэлт хийдэг гэж ойлгож болно.
Хөл өвдөх
Энэ шинж тэмдэгт тамхи татдаг хүмүүс илүү анхаарах хэрэгтэй. Цусан хангамж муудснаар доод мөчдийн судас бөглөрдөг. Ингэснээр хөл өвдөж, доголж эхэлнэ. Ийм тохиолдолд ногоо сайн идэж, их алхах хэрэгтэй.
Эрүү, хүзүү өвдөх
Энэ шинж тэмдгийг эмэгтэйчүүд сайн мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд зүрхний шигдээсийн анхны шинж тэмдэг цээжинд биш харин хүзүү, эрүүгээр өвдөж эхэлдэг. Харамсалтай нь энэ шалтгаанаар эмэгтэйчүүд хожуу эмчид ханддаг. Тиймээс эрүү, хүзүү өвдвөл зүрхний эмчид хандаарай.
Нуруу өвдөх
Зүрхний титэм судасны өвчний өөр нэг хэвийн бус шинж тэмдэг бол нурууны өвдөлт юм. Учир нь цусны эргэлтийн дутагдал нь дискийг сулруулж, нуруунд илүү их даралт учруулж улмаар өвдөлтийг мэдрүүлдэг. Хэрэв та нурууны өвдөлт байнга мэдэрч байвал зүрх судасны эмчтэйгээ холбоо барьж, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ бичиж өгөхийг хүсээрэй.
З.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин