Чингэлэг тээврийн терминалын тээврийн үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн компаниуд хариуцна
“Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардлыг хамтран санхүүжүүлэх гэрээ”-г талууд байгуулж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гарын үсэг зурлаа. Ингэснээр терминалын барилга байгууламж, зам, талбайн барилга угсралт, бүтээн байгуулалтын зардал болон төслийн үйл ажиллагааг тус компаниуд хариуцан ажиллахаар болж байна.
Гашуунсухайт боомтоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсч, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Мөн хоёр улсын хил хооронд богинын рейсээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 8- 10 сая тонноор нэмэгдэж, улс орон нутгийн төсөвт төвлөрөх татвар, хураамж нэмэгдэх тооцоо судалгаа гараад буй.