Б.Энхбаяр: Сайдаасаа эхлээд битгий гэмт хэрэг рүү орж яриад бай, Т.Чимгээг хэн хамгаалаад байгаа юм
С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ өнгөрсөн баасан гарагт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон.
Үүнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүмжлэлтэй хандаж, олон нийтийн сүлжээнд өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Харин түүний хариуд Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч мөн адил үзэл бодлоо илэрхийлээд амжсан.
Тэгвэл дээрх маргаантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас тодрууллаа.
Б.Энхбаяр: "Шалгаж байгаа хэрэг дээр яллагдагч хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх нь хязгаарлагддаг. Улстөрчид гэмт хэргээр оролддог, оролцдог байдлаа болих хэрэгтэй. Ямарч гэмт хэрэг дээр шүү. Жижиг байна уу, том байна уу, нууц байна уу, нууц биш байна уу хамаагүй, оролцох шаардлагагүй.
Улстөрчид гэмт хэргийг шүүдэггүй, шийдвэр гаргадаггүй. Бид шүүхийн реформ хийсэн. Шүүхээс гэм буруутай нь нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй, тооцохгүй. Энэ зарчмаа улстөрчид өөрсдөө үлгэрлэж, барих хэрэгтэй. Сайдаасаа эхлээд битгий гэмт хэрэг рүү орж яриад бай. Өмнөөс нь шийдвэр гаргаад бай.
Яллагдагч, дээр нь батлан даалтад байгаа хүн нэвтрүүлэгт орж, хэргийн талаар ярих нь хэр зөв юм бэ. Ойлгомжтой шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа хязгаарлачихсан байдаг. Хэн зөвшөөрөөд яриад байгаа юм. Хэн давруулаад байгаа юм. Хэн хамгаалаад байгаа юм" гэв.