МОД тарихын ач тусыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс зарлаж, тэрбум мод тарих тэр хэмжээгээр хүчилтөрөгч ялгаруулах хөрсний элэгдэл хорогдол цөлжилтийг багасгах дэлхийн дулаарал агаарын бохирдолыг бууруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр алсын харааг тодорхойллоо. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжих бүрэн боломжтой төдийгүй хамгийн гол нь даян дэлхий хүн төрөлхтөний оршин тогтнол хойч үедээ зориулж буй асар том ариун үйлсийн хөрөнгө оруулалт юм.
Мод нь хорт хийг шингээж хүчилтөрөгч ялгаруулдаг хэт ягаан туяаг бууруулж хөрсний элэгдлийг багасгадаг агаарын чийгшэлтийг нэмэгдүүлж дуу чимээг багасгадаг салхи шуургыг хязгаарлаж ургамал өвсийг хатаахгүй ногоон байлгаж ус чийгийг ууршуулахгүй хөрсөнд хадгалж байдаг зэрэг тоолоод баршгүй ач тустай.
Тажикууд хүү төрөхөд хорин ширхэг мод хашаандаа тарьж ургуулан хорин нас хүрэнгүүт тэднийгээ тайрч модоор нь рам зангидан мөчрөөр нь битүүлээд сайхан байшин барьж өгөн хүүгээ гэрлүүлж найр хурим хийдэг бол бид бэлэн байгаа Туулын голынхоо эхний модыг тав жараад онд их хэмжээгээр огтолж түүнийгээ салаар урсган улаанбаатарыг босгож социализм байгуулсан түүх дахиж давтагдахгүй бизээ.
Гэвч шаардлагатай үед цэрэг-стратегийн талаасаа, орос чечень вьетнамын дайнд ойд мод л партизануудын орогнох байр өнгөлөн далдлалт бэхлэлт зам гүүр түлээ түлш болж тэднийг аварсан байдаг төдийгүй 1988 оны Армянд болсон аюулт газар хөдлөлтийн гамшгаар армянчууд гадаа гудманд тарьсан модноосоо ганцыг ч үлдээлгүй хөрөөдөж түлж байж л хөлдөж үхэлгүй хөхөө өвлийг давсан түүхтэй.
Тиймээс дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг гэгчээр төрийн тэргүүнийхээ тив дэлхийн өмнө гаргасан тэрбум мод тарих уриалгыг дээр доргүй дэмжиж эх орныхоо цөлжилт агаар ус хөрсний асуудлаа шийдвэрлэхийн зэрэгцээ даян дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулцгаая.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ