Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд аравдугаар сарын 4-нийг хүртэл ажиллахгүй
Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд өнөөдрөөс эхлэн ажиллахгүй нь.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баяр тохиож буй тул хоёр улсын хэлэлцээрийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 1, 2, 3-ны өдрийг дуустал авто замын боомтуудыг хаасан байна.
Коронавирусийн халдварын цар тахлын улмаас хоёр улсын хооронд зөвхөн ачаа тээвэрлэлт явагдаж буй юм. Энэ нь аравдугаар сарын 4-нөөс энгийн горимдоо шилжих нь.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:
Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.