Жүжигчин Г.Ананд: Би шүүгчид ямар ч ял авахад бэлэн байна гэж хэлсэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдан ял сонссон жүжигчин Г.Ананд "Өршөөлийн хууль"-нд хамрагдаж, суллагдсан.
Тэрбээр хэвлэлд ийнхүү ярилцлага өгчээ.
Г.Ананд: Алдаа гэж хэлэхэд ч бараг “Алдаа” гэдэг үг энэ үйл явдалд хөнгөдөх байх. Алдаа биш. Миний хувьд маш болчимгүй үйлдлээсээ болоод нэгэн хүний аминд хүрсэн. Эхлээд айдастай, стресстэй яг яах учраа олоогүй, 6-7 сарын турш гэртээ ганцаараа байж дотроо тунгаасан.
Ялаа эдлээд гараад ирвэл тэр нь намайг чөлөөлөх юм шиг санагдсан. Шүүх хурал дээрээ гэм буруугаа хүлээгээд хохирогч талаасаа уучлалт гуйж, шүүгчид “Би ямар ч ял авахад бэлэн байна” гэж хэлсэн.
Би бүхэл бүтэн хүний аминд хүрсэн авто осол гаргасан. Тухайн үед муухайгаар хэлбэл намайг хүмүүс алуурчин л гэж хэлж байсан. Надад их хүнд байсан. Намайг хамгаалж, тусалж дэмжсэн гэр бүлдээ талархаж явдаг. Хохирогч талын хүмүүстэй одоо ч гэсэн баярлаж явдаг. Намайг ойлгосон. Надад харьцангуй сайн хандсан. Би цаашдаа ч тэр хүмүүстээ холбоотой явна. Одоо хүртэл би дотроо гэмшиж явдаг. Зүүдэлдэг, мартаж чаддаггүй.
Нэг жижигхэн хормоос болж амьдралынхаа 10-15 жилийг алдана гэдэг төсөөлшгүй зүйл. Тэр бол хүний хүсээд байх газар биш. Хэзээ ч тийм газар руу залуучуудыг битгий зүглээсэй гэж би хүснэ. Нэгхэн секунд тэвчээд үзээрэй гэж залуучуудад хэлмээр байна" гэжээ.