Шатахууны хомсдол геополитикийн гэхээсээ бизнес менежментийн асуудал байсныг харууллаа
Монгол Улс сая тонн нефть олборлон гадагш гаргадаг ч мөн сая тонн бензин гаднаас гуйж импортолдог хачин улс болох талаар бид төдийгүй олон улсад олон жил ярьж байгаа. Харамсалтай нь өнөөдөр энэ хачин байдал гамшиг болохоо дөхөж улсыг маань хямралд хүргэлээ. Сайн мэдээ гэвэл бид нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа, одоо түүнийгээ түргэвчлэх шаардлагатайг нөхцөл байдал харуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн бензиний хомсдол нийгэмд ихээхэн хямрал үүсгэж, манай улсын сул талыг дахин тодоор мэдрүүлэв, бас бидэнд давуу тал, боломж буйг ч мэдрүүлсэн. Зарим тоймчид, нам бүлэглэлүүд асуудлыг ихэд дэвэргэж геополитикийн алдаа мэтээр тайлбарлан Засгийн газрыг огцруулах шалтаг болгон дарцаглацгаав. Шүүмжлэлгүй л яах вэ, гэхдээ нөгөө л байдгаараа Засгийн газраа 1 ¬ 2 жилээс илүүгүй наслуулж түлхэн унагаад бүхнийг буцаагаад гараанаас нь эхэлдэг асуудал давтагдах гэж буй нь тэр. Бидэнд ямар сул талыг мэдрүүлэв гэж үү? Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ нэг улс, бүр гадаадын нэг компаниас хараат гэдгийг мэдрүүлсэн, Монгол Улс юунд ч бэлэн бус, эдийн засгийн аюулгүй байдал эмзэг гэдгийг мэдрүүлсэн.
Манай улсын шатахууны хэрэгцээний 96 хувийг нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компани нийлүүлэлтэд тасалдал гарна гэдгийг сар гаруйн өмнө урьдчилан сануулсаар байхад арга хэмжээ авалгүй улсаа бензиний хомсдолд оруулсан нь дээр асуудал хариуцсан яамд, түшмэдүүдийн ажил үүргийн цалгардал, туршлага, ур чадварын дутагдал гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй.
Гадаад, дотоод харилцаа, асуудал шийдвэрлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнууд баахан загнуулж байх хооронд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Орос, Хятадуудтай хэлэлцээр хийн асуудлыг шийдээд ирлээ гэж буй нь нэг талаас сайн хэрэг, нөгөө талаас шатахууны хомсдолын асуудал нь ямар нэг геополитикийн асуудал гэхээсээ ахуйн, бизнес, менежментийн асуудал байсныг харуулж буй юм. Засгийн газарт шүүмжлүүлэх зүйл бий, гэвч ковид цар тахлын маш хүнд үед Ерөнхий сайдын үүргийг хүлээн авч Эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө, Цахим засаглал зэрэг оновчтой шинэлэг санаачилгуудыг зоригтой эхлүүлсэн Засгийн газарт эхэлсэн ажлаа гүйцээх хугацаа өгөх хэрэгтэй болов уу.
Гэхдээ Засгийн газар шүүмжлэлд өртөөд байгаа нь кабинетын гишүүн сайдууд тэдний багийн ажлын туршлага, ур чадвар ихээхэн дутагдалтай байгаатай шууд холбоотойг хүлээн зөвшөөрөх ёстой. Арван их наядын хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох үйлдвэрлэлээ сэргээх, ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр гэхэд гурван хувийн хүүтэй хоёр их наядын зээл гаргасан нь нүдээ олсон санаачилга байсан, гэвч зээл зорилтот эзэндээ очсон уу, эсвэл хуучнаараа “ЖДҮчид”-ийн гараар ордог шиг замхраад алга болсон уу гэдэг асуудал яригдсаар байгаа.
Манай улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл, баримтлал”-ын 3.2.4.3 дугаарт шатахууны хувьд нэг улсаас хараат байдлаас ангижирна, үнийг өсгөхгүй тогтвортой барина, зургаан сараас доошгүй хугацааны шатахууны нөөцийг хадгална гэж заасан байдаг ч эдгээр заалтын аль нь хэрэгжээгүй төдийгүй шатахууны долоо хоногийн ч нөөцгүй байгаа талаар албаны эх сурвалжууд мэдэгдсэн байдаг.
Гадаад орчны хувьд манай улсад тун таатай нөхцөл бүрдсэн нь олон улсад болоод манай хоёр хөршид улс төрийн байдал тайван, эдийн засаг нь тогтвортой өсөлттэй, газрын тосны үнэ тогтворжиж хамгийн гол нь манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнэ түүхэнд байгаагүй хэмжээгээр өсөн, дэлхийн зах зээлд эдгээр бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсээр буйгаас тод харагддаг. Тийм ээ, бид асуудлыг дотоодоосоо, өөрсдөөсөө хайх хэрэгтэй юм. Санаачилсан төслүүд, ажлын хэрэгжилт сайнгүй, үр дүн муутай, эдийн засаг бүхэлдээ хямралын шинжтэй байгаагийн шалтгааныг, ер нь асуудлыг дандаа гадныхан руу, Орос, Хятад руу чихдэг гажиг зуршлаасаа салах цаг болсон, учиг шалтгааныг өөрсдөөсөө эхэлж хайх, асуудлыг тухай бүрд нь шийдээд урагшилж болдог гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар биечлэн харуулж жишиг тогтоох нь зүйтэй. Энэ зуур Оросоос, Хятадаас бензин оруулж ирэхээр болсон импортлогч компаниудыг, тухайлбал, Петровисийг, ТУЗ-ийн дарга О.Содбилэгийг буруутгах аргагүй, тэд төрийн сайдын өмнүүр орж ажлыг нь хийгээгүй, тэд өөрсдийнхөө үүргийг л гүйцэтгэсэн. Хувь хүний мэргэжлийн туршлага, хариуцлагын дутагдлаас үүдэлтэй бүтэлгүйтлийн нэг бус тохиолдлыг энэ Засгийн газраас харж болох ч эдгээр нь засаж залруулаад явж болох дутагдал бөгөөд Засгийн газрыг огцруулах үндэслэл болохгүй.
ХЯМРАЛААС ХАРАГДСАН БОЛОМЖ БАС ДАВУУ ТАЛ
Бензиний хомсдлын хямралаас олж харсан нэг боломж болоод давуу тал нь ердөө манай улсын зах зээлийн төлөөх Орос, Хятадын өрсөлдөөн юм. “Роснефть”-ийнхэн бидэнд урьдчилан сануулж, тэд үйлдвэртээ засвар, үйлчилгээ хийснээр нийлүүлэлт тасалдсан. Гэхдээ талууд, ялангуяа тал хичээсэн бол шатахууны нийлүүлэлт тасалдахгүй байх боломж байсан гэдэг нь харагдаж буй. Нийлүүлэлт сар гаруй хугацаанд тасалдана хэмээн хөдлөхгүй байсан Оросууд манай импортлогч компаниуд Хятадтай хэлэлцээр хийж бензин ачуулахаар болмогц шийдвэрээ шууд өөрчлөн нийлүүлэлтээ тасалдуулахгүй, бензинээ даруйхан ачуулна хэмээснээр Оросуудын бензин өнөөдрөөс хил даван ирж байгаа гэх. Учир нь Монголд нэг сая гаруй тонн бензин зардаг Оросууд зах зээлээ алдахыг хүсэхгүй. Орос, Хятад хоёрын ашиг, сонирхлын олон огтлолцол манай улсад байдгийн нэг жишээ энэ юм. Туршлагатай, чадвартай, хариуцлагатай сайд, дарга нарт бол энэ нь улс орноо хямрал, эрсдэлд хүргэхгүй байх, зах зээл дээр “тоглолт” хийх том орон зай.
Монгол Улс сая тонн нефть олборлон гадагш гаргадаг ч мөн сая тонн бензин гаднаас гуйж импортолдог хачин улс болох талаар бид төдийгүй олон улсад олон жил ярьж байгаа. Харамсалтай нь өнөөдөр энэ хачин байдал гамшиг болохоо дөхөж улсыг маань хямралд хүргэлээ.
Сайн мэдээ гэвэл бид нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа, одоо түүнийгээ түргэвчлэх шаардлагатайг нөхцөл байдал харуулж байна. Нефтийн үйлдвэр тун алсыг харсан зөв санаачилга байжээ. Өнөөдөр эрх баригчдын хувьд Засгийн газрыг унагааж гаршсан, бүхэлд нь нураадаг шийдэлтэй нөхдүүдэд боломж олгох ёсгүй. Энэ нь Ерөнхий сайдын хувьд юун түрүүнд өөрийн кабинетын weak point буюу эмзэг цэгээсээ салах хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, өргөсөө аваад л ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно гэсэн үг.
Чухамдаа бэлтгэгдсэн “төрийн хар хүн” Л.ОюунЭрдэнийн Засгийн газарт үгүйлэгдэж буй. Сайн мэдээ нь төрийн ажилд хатаагдан боловсорсон, туршлага, мэдлэг, ур чадвар бүхий засаглалын боловсон хүчний нөөц, сонголт Л.Оюун-Эрдэнэд хангалттай бий. Хэт намчирхлаас татгалзаж мерит зарчим, ажлын туршлага, ур чадварт суурилсан сонголтоор Засгийн газар, кабинетаа шинэчлэн бүрдүүлж албаа үргэлжлүүлэх нь Ерөнхий сайдын хамгийн зөв шийдэл, хэвшүүлэх шаардлагатай жишиг байх болно. Тэгж чадаж гэмээ нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хоёр жил болохгүй огцруулдаг, төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг энэ гаж уламжлалыг эвдэн эхэлснээ гүйцээх чадамж бүхий мэргэжлийн Засгийн газрыг тэргүүлэх юм.
ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ