Нийтээр шатахууны хомсдолд орсноос энэ салбарын бодлого болоод үйл ажиллагааны гарцгүй Засгийн газар балмагдаж, салбарын бизнесийн төлөөллүүд эрвийх дэрвийхээрээ хөдөлж, нэн ойрмог шатахуунтайгаа залгах нь шиг байна.
Төрийн эрх бүхий байгууллагууд салбарын томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд богино хугацаанд эерэг үр дүнгүүд гарч өмнөд хөршийн Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаагаас есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд орж иржээ.
Энэ шатахууныг Замын Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан хангалтын вагонцистернүүдэд шуурхай ачилт хийхээр ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 28 вагонцистернээс гадна “Лекс ойл” компанийн 70 гаруй вагоныг ашиглан тээвэрлэж Замын-Үүдэд авчиран нийслэл рүү шат дараатай илгээх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.
Эхний цуваагаар орж ирсэн шатахуун ачсан вагонцистернүүдийг түргэн суллаж аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилан нийслэл рүү илгээхээр эрх бүхий байгууллагуудын бүрэлдэхүүн аж ахуйн нэгжүүдэй хамтран газар дээр нь ажиллаж байна.
“Лекс ойл” компани нь БНХАУ-ын вагонуудын ачааг түргэн буулгах, шатахууны хангалтыг хэвийн болгох, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хангах зорилгоор Замын-Үүд өртөөнд 24000 м.куб багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг нарийн болон өргөн царигийн салбар төмөр замын хамтаар барьж байгуулж байгаагийн зэрэгцээ дотоодын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, ачаа эргэлтийг түргэсгэхээр 100 гаруй вагонцистернээр тээвэрлэлтийг хийх бололцоог ААН-үүдэд бүрдүүлэн өгч байна.