Усанд суусан автомашиныг гаргахаар гол руу орж живсэн иргэнийг олоогүй байна
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Уушгийн гарам гэх газар наймдугаар сарын 31-нд Орхон голын усанд суусан автомашиныг ган татлагаар холбож, голын уснаас татаж, гаргах гэж ус руу орсон иргэн живжээ. Уг ослын тухай дуудлага есдүгээр сарын 2-нд ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид болон ар гэрийнхэн 44 настай, эрэгтэй Л-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Өчигдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгол-Овоо багийн Орхонтуулын бэлчир гэх газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын Зараагийн хөндий гэх газар хүртэл 70 километрт завиар голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:42 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.