ОХУ-аас шатахуун авах асуудлаар өнөөдөр яриа хэлэлцээ хийнэ
Манай улс сард 38-40 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ манай улсад сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлнэ гэсэн гэрээтэй ажээ. Наймдугаар сарын сүүлээр ОХУ энэ хэмжээний шатахуунаа есдүгээр сард нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь үйлдвэртээ хийж буй засвар болон цар тахалтай холбоотой гэсэн тайлбар ирүүлжээ. ОХУ энэ сарын 16-ны байдлаар өгнө гэж мэдэгдсэн 17 мянган тонн шатахууныхаа долоон мянга 400 тонн шатахууныг өгөөд байжээ. Гэвч ОХУ энэ сарын 20-нд "Аравдугаар сарын 1 болтол манай улсад шатахуун нийлүүлэх боломжгүй болчихлоо" гэж гэнэт мэдэгдсэн байна. Тиймээс ОХУ-тай яриа хэлэлцээ хийх ажлын хэсэг өчигдөр ОХУ-ыг зорьжээ. Энэ талаар өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэлсэн юм.
Тэрээр "Манай яам болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл ОХУ руу явсан. "Роснефть" компанийн удирдлагуудтай яриа хэлэлцээ хийнэ" гэсэн юм.