М.Тулгат: Нөхөн сонгууль бол хариуцлага тооцох, Монголд ардчилал байгаа эсэхийг сорьж, шалгах шалгуур
АН-ын дарга М.Тулгаттай ярилцлаа.
-Нөхөн сонгууль эхэллээ. Энэ үед хоёр талд гарчихаад байсан АН ойлголцлын ширээнд суусныг дэмжигч, сонгогчид нааштай хүлээж авч байх шиг байна. Нэгдэх саналыг хоёр талаас тавьсан уу. Нэгдэх ажилд хэн голлож оролцов?
-Үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдэх юмсан гэсэн эрмэлзэл мэдээж аль аль талд нь байсан. Нийгэм, улс төрийн орчинд үүсээд байгаа нөхцөл байдалд яах аргагүй хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж байна. Эрх баригчдад хариуцлага тооцох, тэр олон алдаа дутагдал, төсвийг хэмжээ хязгааргүй үрэн таран хийж байгаа байдал, эргэж буцсан шийдвэрүүдийг хязгаарлахад АН-ын үүрэг их бий. Гэтэл нам дотоод маргаантай байгааг намын бүх шатныхан ойлгож байгаа. Асуудлаа шийдэх эрмэлзэл, уулзалтууд ер нь явж л байсан л даа.
Нөхөн сонгуулийн үеэр бид нэр дэвшигчдээ тодруулахдаа намын эвлэрэл нэгдэлд ойлголцлыг хамгийн сайн авч ирж чадах нэр дэвшигч хэн байх вэ гэдэг талаас нь харсан. Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл баатар бол Монголын Ардчилсан намын анхны дарга хүн. Ардчиллын үйл хэргийн төлөө тасралтгүй 30 жил тууштай явж байна. Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтэн. Энэ хүнд муу нэр зүүлгэх гэж зориудаар гүтгэлгийн чанартай мэдээллийг тасралтгүй цацаж ирсэн. Ардчиллын төлөө зүтгэж байгаа залуус, ардчилсан намынхан энэ хүнийг хүндэлж, дэмжсээр ирсэн. Хоёр талд байгаа хүмүүсийн аль алинд нь энэ хүнийг хүндэлж, дэмжих сэтгэл байдаг. Энэ ч утгаараа нэр дэвшигчээ дэмжиж сонгуульдаа хамтарч оръё. Энэ нь АН цаашид нэгдэх процессыг эхлүүлэх үйл явц болно гэж харсан. Намыг нэгтгэх хүсэл зорилго аль аль талаасаа гарч байгаа гэж ойлгож болно. Нэг тал нь гэдийчихээд, нэг тал нь бууж өгч байж л бүтдэг зүйл гэж байхгүй шүү дээ.
Аль аль талаасаа хүчин чармайлт гаргаж, шийдчих юмсан гэсэн зорилго байгаа.
-АН нэгдчихвэл намын даргын асуудал гарч ирэх болов уу. Хэнийг намын даргаар томилохоор ойлголцож байна. Эсвэл даргын сунгаа явуулахаар болж байна уу?
-Өнөөдөр дэлхийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Эдийн засаг, технологийн хөгжил нийгмийг өөрчилдөг шүү дээ. Улс төрийн ойлголт ч мөн өөрчлөгдөж байна. Гэхдээ АН баруун төвийнхөө буюу үндсэн жанжин чиг шугамдаа зогсож байгаа. Цомхон чадварлаг жижиг төр байх, хувийн хэвшил, хувь хүний эрх чөлөөг дээдлэх үндсэн үзэл санаан дээрээ зогсоно.
Хэдийгээр намын дарга, тамга тэмдгийн асуудал байгаа ч гэсэн үүнээс илүүтэй цаашид АН бодлогын судалгаан дээр үндэслэж бодлогоо шинэчлэх шаардлага байна. Хамтарсан судалгааны төв, Монгол Улсын хөгжлийн бодлогыг дахин тодорхойлох зэрэгт хамтарч ажиллах шаардлага байгаа юм. Ер нь нам гэдэг бол үзэл баримтлалаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл шүү дээ. Ардчилсан нам дотроо хагарсан өнөөгийн асуудал бол үзэл баримтлалын тухайд өөр өөр зүйл дээр зогсож байсан зүйл бий. Тиймээс ер нь АН нэг судалгааны үзэл баримтлал, онол, бодлогыг бий болгож, үүнийгээ тойрч нягтарших шаардлагатай юм байна гэдгийг ярьж байгаа. Бусад асуудлыг яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх явцдаа шийдчихнэ гэсэн бодолтой байна. Залууст хувь хүний хувьд ашиг сонирхлын ч гэдэг юмуу, эсвэл хуучны гоморхол байхгүй. Тиймээс асуудал яваандаа шийдэгдчихнэ. Хамтын зорилго, чиг шугам байгаа учраас түүндээ тулгуурлаад явчихна гэж ойлгож болно.
-Хамтарсан уулзалтуудад намын лидерүүдээс хэн хэн оролцож байгаа бол. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уулзалтад очсон уу?
-Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл илүүтэй санаачилга гаргаж, биднийг тал талаас цуглуулж уулзаж байгаа. Уулзалтад О.Цогтгэрэлийн гэж нэрлэгдээд буй талаас ч, бидний зүгээс ч оролцож байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэрэг хүмүүс оролцож нэгдэх үйл явц руу явж байна.
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга албан тушаалаасаа бууснаасаа хойш ер нь намынхантайгаа уулзалдсан уу?
-Би лав уулзаагүй. Ер нь намынхантай уулзсан гэж би сонсоогүй.
-Нөхөн сонгуулийн суудал УИХ дахь намын бүлгүүдэд ямар ч нөлөөгүй гээд байгаа шүү дээ. Тэгвэл энэ хоёр суудлын ач холбогдлыг та юу гэж харж байна?
-Зөвхөн АН-д гэхээсээ илүү Монголын ард түмэнд ач холбогдолтой. Энэ бол Засгийн эрх солих сонгууль биш. Харин дүн тавих, хариуцлага тооцох сонгууль. Өнөөдөр эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихээд, боловсролыг орхигдуулчихаад, 1100 хүн нас барчихаад буй энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч “Хамаагүй ээ” гэж хандаж байгаа бол Э.Батшугарыг сонго. Цар тахал гээд дэлхий нийтээс нэг тэрбум ам.долларын тусламж авч түүнийгээ үргүй цацчихаад, наад захын эрүүл мэндийн тоног төхөөрөмжгүй, өвдсөн хүмүүсээ зөнд нь орхиж, үхүүлж байгаа энэ нөхцөл байдлыг “болж байна” гэж үзэж байгаа бол Э.Батшугарыг сонго. Өнөөдөр төв талбай дахь усан оргилуур, “Андлалын өргөө” зэрэг хэрэгцээгүй байгууламж, эргэж буцсан шийдвэр, “Би Монгол Улсын иргэн болсондоо гутарлаа” гэж нулимсаа дуслуулж харь оронд гацчихаад гудамжинд хэвтэж байсан хүмүүсийн найз нөхөд, хамаатан садан, элэг нэгтнүүд нь “зүгээр ээ” гэж байгаа бол Батшугарыг сонго.
Өнөөдөр дарга нар илүү эрх ямба эдэлж, хөдөлмөрийн хязгаарлалттай үед тусгай зөвшөөрөлтэй машин хөлөглөж цэнгэж, иргэд нь гэрээсээ гарч чадахгүй, тэр бүү хэл хөгшин настай, эмнэлгийн тусламж хэрэгцээтэй хүмүүстээ ч үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа байдлыг хүлээн зөвшөөрч байгаа бол МАН-ыг сонго, Батшугарыг сонго. Эсвэл МАН-д тус нэмэр болж сөрөг хүчний саналыг хувааж байгаа ХҮН болон бусад жижиг намуудад саналаа өг. Учир нь тэд хэзээ ч ялахгүй мөртлөө зөвхөн сөрөг хүчний саналыг хувааж эрх баригчдад үйлчлэх гэсэн намууд. Тийм ч учраас бусад улс орны практикт ийм ноёрхогч, эрх баригч намууд бол сонгуулиар жижиг намуудыг санхүүжүүлдэг. Олон улсын практик ийм байдаг. Гэхдээ өнөөдөр Монголд явагдаж буй нөхөн сонгуулиар жижиг намууд мөнгө авсан гэж хэлээгүй шүү. Олон улсын практик ийм байдаг болохоор хардаж байна. Үндэсний хэмжээний хоёр дахь намыг, сөрөг хүчнийг хүчгүйдүүлж, унагаахын тулд бусад эрх баригч нам нь санхүүжүүлдэг. Тэгэхээр нөхөн сонгууль бол хариуцлага тооцох, Монголд ардчилал байгаа эсэхийг сорьж, шалгах сонгууль. Энэ сонгууль бол цаашид Монголын парламент хүчний тэнцвэртэй, бие биенээ хянасан хоёр том нам байх уу, эсвэл нэг нам ноёрхож, бусад нь намын тамга кармаалчихаад том намаасаа санхүүжилт авч дүр эсгэсэн ардчилсан сонгууль болж, мөнхийн нэг нам ялдаг дарга анги нь жаргаж байдаг ийм нийгэм болох уу гэдгийг харуулах сонгууль.
-Өнөөдрийн эрх баригчдын үйл ажиллагаанд та ямар дүгнэлттэй байна?
-Монголчууд бид дэлхийн бусад улс орнуудын адилаар цар тахлын хүнд цаг үеийг туулж байна. Энэ цаг үе эрх баригчдад мэдээж амаргүй байгаа байх, үүнийг ойлгож байгаа. Дэлхийн бусад улс орнууд хоёр сонголтын өмнө ирчихээд байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндээ бодох уу, эсвэл эдийн засгаа бодох уу гэсэн сонголттой нүүр туллаа. Жишээлбэл, Швед улс хатуу хол хорио тогтоогоогүй, эдийн засгаа бодсон. Мэдээж тодорхой хэмжээнд халдвар гарч, нас баралт ч нэмэгдэж байсан. Гэхдээ эдийн засгийн хохирол бага амссан. Зарим орнууд хатуу хөл хорио тогтоож эдийн засгийн ихээхэн хохирол амссан. Мэдээж энэ хүнд нөхцөлд улс орнууд бага хохирол амсаж даван гарах чиглэлд ажиллаж байна. Манай улсын хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй байхад хоёр жил сургууль соёл, эдийн засаг бүх зүйлээ хаасан. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа хорлосон. Оюун ухаан, хүний хөгжлөө хорлосон. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавьсан ч харамсалтай нь ямар ч үр дүнгүй арга хэмжээ болчихсон. Одоо бол эрүүл мэндийн хувьд хамгийн хохиролтой болчихлоо. Хүн амын тоотой харьцуулахад одоогоор 1100 хүн нас барчихсан байна. Энэ бол дэлхийд толгой цохих үзүүлэлт. Нийт халдвар авагчдын тоо удахгүй 300 мянгад хүрэх үзүүлэлттэй байна гэж судлаачид дүгнэсэн. Гурван сая 300 мянган хүн амтай манай улс тэгэхээр 10 хүн тутмын нэг нь халдвар авах нь гэсэн үг. Хэдхэн сарын өмнө бөөн л юм болж, сүржигнээд байсан хандлага хааччихав аа. Гадаадад байгаа монголчуудыгаа хөсөр хаяж, шар махтай нь хатаасан. Хамаг аж ахуйн нэгжүүдээ хааж, боосон. Нэг хэсэг хатуу хөл хорио тогтоож залхаан цээрлүүлж байгаа мэт л байсан шүү дээ. Хоёр жил хүүхэд багачууд, залуус сургууль соёлоосоо хоцрогдсоны үр дүнд эрүүл мэндээ хамгаалуулсан ч зүйлгүй хохирч үлдлээ. Тэгэхээр өнөөдрийн Монголын төр ямар ч чадамжгүй байна. Төр засаг маш хариуцлагагүй, чадваргүй ажилсныг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Төр засаг чадамжгүй бол хариуцлага хүлээлгэх ёстой, толгойг нь илээд байж болохгүй шүү дээ. Яахав, монголчууд уучламтгай, өршөөмтгий байгаа байх. Гэхдээ энэ бол төр засаг ухамсраараа хариуцлага хүлээх ёстой зүйл. Эрх баригчдын өнөөдрийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандмаар байна.
Ийм хүнд нөхцөлд Цахим үндэстэн (Digital nation 21) гээд шоу хийж байгааг нь ойлгохгүй байна. 1001 хүн нас барж, нас баралтаараа дэлхийд нэг номерт орсон гээд тэмдэглээд байгаа юм уу. Хэрвээ эхнээсээ “Эдийн засаг чухал” гэсэн бол байж болох бодлого. Ер нь Ардчилсан намын бодлого, байр суурь үүнд илүү ойр. Гэтэл бүгдийг нь хааж, бөөн дүрэм журам тогтоочихсон. Үүнийг нь иргэд, аж ахуйн нэгж санаатай, санаандгүй зөрчихөөр цагдаа, мэргэжлийн хяналт гээд бөөн бөөнөөрөө 10, 20-иулаа очиж дарамталдаг. “Хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална” гэдэг. Хүний амьдралд ганцхан тохиох хуримаа цомхон хэмжээнд ёс төдий хийхээр нь хүртэл тараадаг. Гэтэл өөрсдөө хэдэн зуугаар нь цуглуулж цэнгэж болдог. Тэр шоунд хэдэн сар жилээр хоригдчихсон, дархлаажуулалтын тундаа бүрэн хамрагдчихсан залуус вакциндаа найдаж очих нь мэдээж шүү дээ. Хаана хууль журам хэрэгжээд, хаана, хэнд хэрэгждэггүй юм бэ. Дарга нарт үйлчилдэггүй, жирийн иргэнд хатуу чанд үйлчилдэг тоглоомын дүрэм журамтай, бурангуй орон болчихоод байна. Хэрэггүй үед “Андлалын хөшөө барьчихаад, нураачихдаг. Үүндээ ямар ч хариуцлага хүлээдэггүй. Цар тахлын эд үед 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсан. Тэр нь зундаа алданги оног ажилладаг. Цар тахалтай хүнд үед 97 тэрбум төгрөгөөр Яармагт хотын захиргааг барьж өнөөдөр түүнийгээ зориулалтын дагуу ашигладаггүй, үхмэл байна. Энэ бүхэнд өнөөдөр ямар ч хариуцлага ярихгүй байна. Нэг талдаа мэдээж АН-ынхан бидний буруу. Хүчтэй шүүмжилж, чихийг нь халууцуулж байх атал өөрсдөө дотоод асуудалтай сууж байна. Эрх баригчдын өнөөдрийн алдаа дутагдал замаа алдсан. Үүнд дуугардаг сөрөг хүчний дуу хоолой суларснаас тоохоо байчихсан. Бүр дүлий дүмбэ байна. Яасан ч яадаг юм бэ гэдэг байдалтай болчихож. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ “Гадаах арга хэмжээг зохион байгуулж буй Засгийн газрын бодлого цаашдаа ч гэсэн үргэлжилнэ” гэсэн. Хэрвээ тэгж хэлэх гэж байгаа бол дүрэм журам нь ижил тэгш үйлчлэх ёстой ш дээ. Тэр дүрэм журам нь амьдралаа авч явах гэж зүтгэж байгаа жирийн иргэнд ачаа болж, зовоогоод байдаг. Сайд, дарга нарт яагаад үйлчилдэггүй юм бэ. Ийм байж болохгүй.
-Та эдийн засагч хүн. Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
-Энэ намраас имфляцийн түвшин 15-аас дээш тоо руу орчих болов уу. Засгийн газар үүнээс цааш халамжийн буюу гал унтрааж аргацаасан бодлого явуулах боломж нь ч шавхагдаж байгаа. Тэгэхээр намраас эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндрэх болов уу. Уг нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ түүхэн дээд амжилттай явна. Сүүлийн 50 жилд байгаагүйгээр алт, зэс, нүүрсний үнэ өссөн. Ийм сайхан боломж гарч ирж байхад манай төр ашиглаж чадахгүй алдаж байна л даа.
Өнөөдрийн Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан бодлого явуулаад байна. Сүүлийн 10 жилд манай улсын нэг хүнд ногдох дундаж цалин 400 ам.доллар байлаа, үүнээсээ огт хөдлөөгүй. Гэтэл улсын төсөв дөрөв, тав дахин өсчихсөн. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, төр улам данхайчихсан ийм л байдлаар явж байна. Бид ямар чиглэлээр явах ёстой юм бэ гэхээр нэг хүнд ногдох ДНБ дөрвөн мянган ам.доллар байна. Үүнийг 10 мянга болгох, ингэхийн тулд эдийн засгаа тэлэх бодлого явуулах ёстой.
Ингэхийн тулд ложистик, зам тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөр ажиллагаанд оруулах, хил гаалийнхаа нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн хөдөлгөөн улам идэвхжиж, гарц нь сайжирч, орлого орж ирч эдийн засаг хөгжинө. Энэ чиглэлийн ажлыг хийлгүй, байгаа боломж нөөцийг халамжид төлөвлөж, өнөөдөр хүмүүсийг уурлуулахгүй байхын тулд ам хамар руу нь л хийж байна.
Сургууль соёлыг хаасан нь дан ганц хүүхэд багачуудын асуудал биш болчихоод байна. Бүх төрлийн сургалтын байгууллагуудыг хоёр жил хаасан. Үүнээс болж хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна. Уурхай, үйлдвэрт экскаватор, гагнуурчин, цахилгаанчин, авто засварчин гээд нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдаж байна. Жил бүр хэдэн мянгаараа сурч боловсрогдож, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгддэг. Гэтэл энэ нь хоёр жил нам зогссон учраас хөдөлмөрийн зах зээл дээр боловсон хүчингүй болчихлоо. Хөдөлмөрийн эрэлт хэрэгцээ байгаа атал тухайн мэргэжлийн хүмүүс нь дутмаг. Гэтэл нөгөө талд хоёр жил 300 мянга, 100 мянган төгрөгт халамж авсан, түүндээ дасал болчихсон, хөлөө хориулж тайван амгалан хэвтэж байдаг бүхэл бүтэн хэсэг бий болчихлоо. Энэ бол цаашид маш хүнд нөлөөлөхөөр харагдаж байна. Боловсролын чиглэлийн үйл ажиллагаа зөвхөн хүүхдэд гэхээсээ илүү мэргэжлийн боловсон хүчний асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна.
Манай нам туршлагатай хоёр парламентчаа нэр дэвшүүлж байгаа. Энэ бол парламентад иргэдийн эрх ашгийг хамгаалж, хүчтэй дуугарч чадах ардчиллын дуу хоолой болох хүмүүс гэж үзэж нэр дэвшүүлсэн. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Бат-Үүл хотын захирагч байхдаа нийслэлийн захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэнэ гэж байсан. Энэ бол маш том бодлого байсан. Учир нь Улаанбаатар хотын есөн дүүргийн дундаас дундаж орлогоороо хамгийн бага орлоготой нь Сонгинохайрхан дүүрэг. Үл хөдлөх хөрөнгө, газрын үнэ хамгийн бага үнэтэй дүүрэг нь Сонгинохайрхан. Төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн чанартай үйлчилгээнээс хамгийн хол байгаа дүүрэг нь мөн л Сонгинохайрхан. Хотын төвийг хамгийн доогуур үзүүлэлттэй, орхигдоод буй энэ газар аваачиж байж тэнд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өснө. Үүнийгээ дагаж бизнес, үйлчилгээний газар, хөл хөдөлгөөн бий болно. Үүнийг дагаж орлого, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн чанартай үйлчилгээ бий болно. Иймээс орхигдсон дүүрэг рүүгээ нүүлгэе гэсэн шийдвэрийг Э.Бат-Үүл хотын дарга байхдаа гаргасан. Харамсалтай нь хотын удирдлага солигдсоноор тэр шийдвэрийг цуцалж, Яармаг руу нүүлгэсэн. Өнөөдөр Яармаг дахь газрын үнэ тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт байршуулах гэж байсан газрын үнээс 7-10 дахин илүү үнэтэй байна.