Монголчууд солонгос кино их үздэг. Солонгос цувралуудад нэг санаа их тод гардгийг анзаарч үздэг нь харин хэд бол. Гол баатрууд нь “Тэр толгой сайтай, тийм болохоор амьдрал нь гялалзаж байна, манай энэ толгой муутай, тиймээс эртхэн сайн сургуульд оруулъя” гэх мэтчилэн ярьцгааж, кино бүрдээ л толгой сайтыг шүтсэн санаагаа шигтгэсэн анзаарагддаг. Харин Монголд энэ санаа эсрэгээрээ, боловсрол мэдлэгтэй нь хэцүүхэн аж төрж, толгой муутай бяр ихтэйнүүд нь сайхан амьдарч, төрийн оройд, амжилтын оргилд гялалзаж яваа. Спортынхныг тахин шүтэж, өнөөдүүл нь тахин шүтэгдсээр төр, засгийн эрх мэдэлд хүрдэг нь бараг л жишиг болчихлоо.
Монгол хүний спортод амжилт гаргаж яваа төрлийг нь харахаар ер нь л ганц хүний, хар бяр шаардсан төрлүүд байдаг. Ажиглаад байх нь ээ бөх, бокс гэсхийгээд барагладаг шиг санагддаг. Багаараа ажиллах дургүй, ганцаарчилсан тоглолт хийх сонирхолтой, өөрөө бүхний төвд байж гэмээнэ санаа нь амарч тайван алхдаг өнгө янз манай төр засгийн удирдлагуудаас анзаарагддаг нь тохиолдлын хэрэг биш гэх гээд байна л даа. Хар бяр шүтсэн массын сэтгэлгээ, хандлага дээр дөрөөлж, нэр хүнд олсон тамирчид амжилт, алдартаа дулдуйдаж улс орны толгойд гарчихаад хөмсгөө зангидаж, хөмхийгөө зууж, хүнийрхүү санаалаад суучихдаг нь бас гашуун үнэн. Жишээ татвал өчнөөн кейс бий. Наад зах нь гэхэд л нүүрсний экспортоо огцом өсгөж, олох доллараа ихэсгэх цор ганц боломж болох төмөр зам дээр энэ хандлага их тод анзаарагддаг. Төмөр замгүйгээс болж нүүрсээ ачааны машинаар тоос манаруулан зөөж, өнгөрсөн зууны өнөө хоцрогдсон тээвэр нь ковидын үеийн хорионд таг гацаж, урд хөршийн нүүрсний зах зээл дэх орон зайгаа ОХУ болон бусад улсад алдсаар яваагийн цаана хар бяртнуудыг шүтэж төр, засгийн эрхээ атгуулсан гэсэн ганцхан шалтгаан бий. Урд хөрш рүү нарийн царигаар төмөр зам тавибал хятадууд танктай орж ирнэ гэсэн үлгэр зохиодог тамирчин улстөрч, тэр үлгэрт нь итгэж өнөө бяртнаа сүсэлсэн масс амь бөхтэй оршсоор байгаагийн уг учир нь ерөөсөө л толгойг биш, бярыг шүтсэн сэтгэлгээ хандлагаас улбаатай.
Монголын төр эдийн засгаа макро түвшинд харж чадахгүй, олон жилийн алсыг харсан ухаалаг бодлого хэрэгжүүлж завдахгүй яваагийн цаана бас л ийм үнэн бий. Толгой муутнууд төрийн эрхэнд гарчихаар цар тахлын үеийн менежмэнтээ ч хийж чадахгүй бүдэчдэгийг, тэр алдааных нь горыг жирийн иргэд амсдагийг сүүлийн хоёр жил монголчууд бултаараа харцгааж сууна. Тахал эхлээ ч үгүй байхад хилээ хааж сүржигнэсэн, тахлын хөл хорионы үеэр хувийн хэвшлээ дэмжсэн бодлого явуулахаас илүү сонгуулиа бодож улстөржсөний гор өнөө ч арилаагүй байна. Саяхан Ерөнхийлөгчийн санаачилгаар төр нь хувийн хэвшлийнхээ сонсох үеэр тахлын хөл хорионоос болж жижиг дундууд элгээрээ хэвтсэн гэх зовлон хэд хэдэн бизнес эрхлэгчийн амнаас унана лээ. Толгой муутай хүмүүсээр төр удирдуулахын хамгийн том гай нь энэ. Улсынхаа хөгжлийг хойш татаж, компаниудаа туйлдуулж, иргэдийнхээ орлогыг жилээс жилд үнэгүйдүүлж, эцэст нь улсаа дампуурлын ирмэгт аваачдаг нь бяртай, хүчтэй, булчинтай, мөрдөстэй удирдагчдын гол аюул. Ийм жишээ түүвэл дэлхийд өчнөөн л дөө. Нэн шинэ түүх гэвэл Венесуэл, Мьянмар байна.
Эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг биш хар хүчийг шүтсэн нөхөд иргэдийнх нь олонх болсон манай улсад сайхан амьдрахыг хүсэгчид аль нэг заал, танхимд хөлсөө урсган спортоор хичээллэж байхад нийтлэлийн эхэнд жишээ татсан Солонгост “Сайхан амьдаръя гэвэл сайн л сур, толгой сайтай бай” гэсэн алтан дүрэм үйлчилж үр хүүхдээ аль л сайн гэсэн сургуульд хамгаа шавхаад сургаж байгаа нь бодит үнэн. Үр дүнд нь бид ийм, тэд тийм байна. Бид нүүрсээ тээвэрлэх төмөр зам ч үгүй маанайж суухад тэд Самсунг, Эл Жи, Хьюндай-тай болчихсон дэлхийд гялалзаж явна. Мэдлэгийг эрхэмлэж оройдоо залсан улс ингэж хөгждөг. Мэдлэгийг шүтэх хэрээр тэд дэлхийг хэрсэн брэндүүдээ салбар салбарт бий болгож байна. Цэнхэр гарагийн залуус к-попоор амьсгалж, солонгос драм олон олон улсын иргэдийг телевизийнх нь өмнө уяж, хүн төрөлхтний зоогийн ширээний цэсэнд сангёпсал, булгуги, калбижим гэсэн нэрс бичээтэй байгаа нь мэдлэгийг шүтсэн ард түмнээс л гарах бяр. Солонгосчууд сангёпсалийг гэхэд л тээр хойно, бараг өнгөрсөн зууны эхээр зохиосон гэдэг байх шүү.
Азийн бусад улсуудын хөгжлийн түүхийг харахад ч мэдлэгт түшиглэж, толгойд шүтэж хөгжсөн байдаг. Үйлдвэрлэлийн бааз суурьгүй учраас эхэндээ барууны аж үйлдвэрийг шууд хэрэглэж байсан Сингапур, Тайвань өнгөрсөн зууны 80-аад оноос аж үйлдвэрийн паркуудаа мэдлэгийн эдийн засагт тохируулж дэлхийн хэмжээний санхүү, нийгэм, боловсролын иж бүрэн тогтолцоог нэвтрүүлж хөгжсөн түүтэй. Ингээд ч зогсохгүй дэлхийн судалгааны чиглэлтэй том компаниудыг санхүүгийн орчноор дэмжиж аж үйлдвэрээ мэдлэгт тулгуурлуулан хөгжүүлж гадны оронд сурч ирсэн залуучууддаа ажлын байр гаргаж өгч байв. Японы хөгжлийн нууц ч мэдлэгт суурилсныг өнгөрсөн түүхээс нь харчихаж болно. Залуусаа барууны өндөр хөгжилтэй орнуудад мэдлэг эзэмшүүлэхээр илгээж, эзэмшээд ирсэн барууны боловсролоор нь арлын энэ улс үсрэнгүй хөгжсөн юм. Японы эдийн засгийн хөгжлийг гурван үед хуваадаг. Эхлээд чулуу, нүүрс, гангийн үйлдвэр, хөлөг онгоц зэрэг хүнд үйлдвэрээ хөгжүүлж, дараа нь буюу өнгөрсөн зууны жараас далаад онд Японы корпорациуд дэлхийн зах зээлд хүч түрж гарч ирсэн бол энэ улсын эдийн засгийн хөгжлийн гуравдугаар үе шат мэдлэгийн хөгжил дээр суурилж байна. Мэдлэгийн эдийн засаг, инноваци, мэдээллийн технологи, технологийн хөгжилдөө голлон анхаарч байгаа гэсэн үг. Тэд ирээдүйд ямар мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг урьдчилан харж яг тэр чиглэлд хүмүүсээ бэлдэж явна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүгдийг тэгээс эхэлсэн Герман улсын богино хугацаанд эдийн засгаа босгож чадсан хөгжлийн нэг нууц нь мөн л мэдлэгт шүтсэн хандлага байсан.
Тэгэхээр бидэнд хөгжих нэг л гарц байна. Бярыг биш толгойг, мэдлэгийг шүтмээр байна. Одоогийн янз төрхөө харахаар сэтгэлээр унамаар зураг анзаарагддаг нь хэнд ч ил үнэн. Төрийн дээд эрхийг барьж суугаа гурван хүнээсээ эхлээд л бие хамгаалагч шиг нөхдүүд төрөөр нэг болчихсон. Доошлуулаад сумын дарга нарыг нь анзаарахад ихэнх нь бөхийн ямар нэг цолтой нөхөд байх жишээний. Нэг л их гэдийсэн, хямсганасан, том дуугарсан, сүр хүчийг үзүүлсэн улстөрчид төр, засгийн нөлөө бүхий суудлуудыг эзэгнэсэн суугаа нь өнөө цагийн гашуун үнэн. Хамгийн гол нь булчинтай, бяртай, гудамжинд жагсаж яваад Төрийн ордонд орж ирж тухалсан улстөрчид маань олны хүндлэлийг даахгүй байна. Ингээд харахаар хар бяр, боловсролгүй, эрдэмгүйг шүтсэн сэтгэлгээ хандлагаасаа салах цаг яалт ч үгүй ирчихэж. Дэлхий нийтээрээ аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал руу алхаж яваа, дөрөв, тавхан жилийн дараа улс орнууд мэдээллийн технологийн асар хүчтэй өөрчлөлттэй нүүр тулна, дэлхий өөр дэг жаягаар хөгжинө гэцгээж байхад манай бяртнууд өнөө л хуучнаараа сэтгэж, 2050 он хүртэл ингэж тэгж хөгжинө гэсэн үлгэр зохиочихоод маадайж сууна. Ийм цагт ингэж сэтгээд пээдийж суудаг, бас л ичмээр хандлага шүү.